card

Хуримын ерөөл

Долдугаар сар гарахаар миний хувьд цаанаасаа л баяр төрөөд байдаг юм. Зөвхөн би ч биш, надтай адил хөөр баяртайгаар ДОЛДУГААР  сарыг угтаж авдаг олон олон уншигчиддаа шинэ сарын мэнд!

Одоогоос 5 жилийн өмнө ДОЛДУГААР сард миний хувьд амьдралд ганц тохиох хуримаа хийж, тусгаар улсдаа шинэ өрхийн тоог нэмж байлаа. Түүнээс хойш жил бүр энэ сардаа хуримын ойгоо тэмдэглэдэг. Бас нэг том бэлэг бол анхны үр минь энэ л ДОЛДУГААР сард аав ээжээн зорин ирж мэндэлсэн учраас энэ сар миний хувьд баяр хөөрөөр дүүрэн сар байх нь аргагүй ээ. Хуримын ой дөхөөд сэтгэл гэгэлзээд, 5 жилийн өмнөх тэр өдөр өчигдөрхөн ч юм шиг тодхон санагдаж, сайхан дурсамжууд сэргэсэн сайхан сар эхэлж байна.           Хуриманд минь уригдсан дотны ганц найз минь хуримын ерөөл хэлэх агшинд сандраад үгээ мартаад бөөн инээдэм болж байж билээ. Хур бороо ихтэй энэ зун найр хурим элбэг болно. Магадгүй танд хуримын урилга ирсэн бол та одооноос ХУРИМЫН ЕРӨӨЛ цээжлээрэй. 



Амраг хосын хайрын сэтгэлээс мандах
Алтан шаргал зүстэй наран юм шүү
Аавын охиныг хайрлан жаргана гэдэг чинь
Алаг энэхэн хорвоогийн жаргал юм шүү

Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нь нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин сайхан жаргаарай

Энхрий хосын янаг зүрхнээс ургасан
Ээдэм цагаан өнгөтэй саран юм шүү
Ээжийн охиныг түшиж жаргана гэдэг чинь
Эргэх цэнхэр дэлхийн жаргал юм шүү

Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин амгалан жаргаарай

Хайртай хосын аясыг дагаж эргэсэн
Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү
Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь
Ханагар баян амьдралын жаргал юм шүү

Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин амар жаргаарай

Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж
Өөдөө ассан галаа бадрааж
Өрх гэрийнхээ үүдийг татаж
Өлгийтэй үрийнхээ дууг сонсохоор
Айл болж буй хосууддаа
Тоонот гэрээ барьж
Тогтуун жаргалтай амьдархыг ерөөе!
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай амьдархыг ерөөе!


Өргөө гэрээн барьж
Өнөд жаргалтай амьдраарай
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхрөөрэй

 

 

 

 

 

 

.