card

С.ҮҮРИЙНТУЯА: УЛАМЖЛАЛЫГ ШИНЭЧЛЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ӨРГӨЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ


Учрал тохиол гэгч сонин юм.

Хуримын улирал эхэлчихлээ, Гэрлэх ёслолын ордны захиралтай зориод нэг ярилцъя гэж бодсоноос бус яг байгуулагдсан өдрийг нь ч гэж мэдсэнгүй. Гэтэл өнөөдөр улсдаа ганц ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН-ы 43 жилийн ойн өдөр байж таарав.

1976 оны энэ өдөр буюу 6 дугаар сарын 14-нд Гэрлэх ёслолын ордон үүд хаалгаа нээж байжээ.

Гэрлэх ёслолын ордны захирлын албыг аваад долоон жилийг үдэж буй С. Үүрийнтуяа 8000 гаруй хосын хуримын ёслолыг удирдан зохион байгуулсан байна.

“...Монголдоо ганцхан Гэрлэх ёслолын ордоны захирлаар ажиллана гэдэг тэр бүр тохиох хувь заяа биш. Мянга мянган гэр бүлүүдийн аз жаргалыг дархалдаг ажил минь буянтай сайхан үйл учраас өглөө бүрийн нар над дээр илүү тусаад байгаа юм шиг тийм л баяр хөөртэйгээр би өглөөг угтаж ажлаа эрч хүчтэйгээр эхлүүлдэг дээ...”

      Бидний яриа ингэж эхлэв.


Hurim.mn: 43 жилийн түүхэнд хичнээн хурим болсон байдаг юм бол?

38 мянга гаруй хосын хуримын ёслолыг зохион байгуулсан түүхтэй байгууллага. Миний хувьд, 2013 онд томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл 8000 гаруй хосын хуримыг удирдаж аз жаргалыг нь хуваалцсан байна.

Hurim.mn : Сэтгэлд тань тод үлдсэн ямар хурим байна?

Хуримлаж байгаа хүн бүр л  өвөрмөц, давтагдашгүйгээр хийх гэж хичээдэг. Хуримын ёслол бол тухайн гэр бүлийн хувьд хоёр талын ах дүү нараа  уулзуулж танилцуулсан ургийн баяр болдог. Гэвч зардал төсөв ихтэй болохоор хүн бүр хуримын ёслол хийж чаддаггүй.. Миний бодлоор, хүн бүр тэгж өргөн тэмдэглэж заавал ресторанд орж архидан согтуурах биш оронд нь Гэрлэх ёслолын ордондоо орж ёсолж төрлөөд  дурсгалын зураг авахуулж, бичлэг хийлгэж насан туршийн дурсамжтай  үлдэх нь чухал санагддаг.      

Миний ажилласан долоон жилийн хугацаанд бид Гэр бүлийн өдөр болон Нийслэлийн өдрөөр хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулж, түүнийгээ уламжлал болгож ирлээ. Хуримаа хийж амжаагүй, арваас дээш жил ханилчихсан, гэр бүлийн баталгаатай,  тогтвор суурьшилтай сайн аав ээж, эхнэр нөхрүүдийг сонгож урамшуулдаг. Жишээ нь, хамгийн анх шар хантаазтанууд буюу ТҮК-ийн ажилтнуудаас 60 орчим насны хоёр хөгшний хуримыг хийж өгсөн юм. Дөнгөж хаалгаар орж ирүүт нь тосч угтахад “Хивсэн дээгүүр явах юм уу?” гээд ихэд сандарч хоолой нь чичрээд,  “Та энэ дээгүүр явах ёстой. Танд зориулж бид бэлдчихээд байгаа юм. Та тийшээ ороод хувцсаа сонгоод зургаа авахуулна”  гэхэд нүдэнд нь нулимс цийлгэнээд “Хотоо сайхан байлгах гэж  өглөөн нарнаас орой нар жаргах хүртэл гудамж талбайг цэвэрлэж явахад минь биднийг  хэн ч хүндэлдэггүй. Шууд л энд хогоо хаяад, тэнд ундааны саваа шидээд,  тамхины ишээ цонхоороо чулууддаг. Тэгсэн чинь та нар улаан хивсэн дээгүүр алхуулах гэж байдаг. Миний хөл чичрээд байна” гээд. Тэгэхээр нь бид, “Та маргааш хуримын ёслолоо хийхдээ энэ улаан хивсэн дээгүүр алхахаар барах уу шатаар дээшээ өгсөнө ш дээ” гэхэд, “Маргааш тэвдэх байх аа. Даралтны эмээ ууж ирэхгүй бол балрах байх аа” гээд л.  Бөгжөө солилцох болсон чинь бөгж нь хуруунд нь ордоггүй. Хар бор ажил хийж бас ч гэж нас нь хэрэндээ л явчихсан настай хүмүүс болохоор бүр хуруу нь мойнийчихоод бөгж нь ордоггүй. Хамаг хөлс нь асгараад сүүлдээ бүр шүлсээрээ норгож байгаад хуримын бөгжөө солилцож хуруундаа  зүүж байсан.  Тэгээд л асгартал уйлж “Үнэндээ ингэж бодох нь бүү хэл төсөөлж ч байсангүй” гээд өвгөн хөгшин хоёр хоёул сандарч байсан  тэр хурим  үнэхээр сэтгэл хөдлөм болж сэтгэлд их тод үлджээ. 

Бас ижий аавдаа гэнэтийн бэлэг барьж алтан, мөнгөн, очир эрдэнийн хуримыг нь хэлэлгүйгээр хийх гэж байгаа юм аа гээд үр хүүхдүүд нь хандах хичнээн сайхан гээч. Энэ мэтчилэн жишээ олон. Саяхан бид бас Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар зургаагаас дээш хүүхэдтэй, 30-аас доош насны найман залуу ээжийн хуримыг үнэ төлбөргүй хийж өгсөн. Тэгэхэд бас тэр ээжүүд “Хүүхдүүдээсээ илүү гарч чаддаггүй биднийг олж харсанд баярлалаа. Хуримаа хийх яасан сайхан юм бэ?” гээд баярын нулимс дуслуулан бидэнд талархаж байсан.  Сэтгэлд тод, онцгой сайхан их л олон түүх бий дээ.

Hurim.mn : Ингэхэд та өөрөө хуримаа хийсэн үү?

Хуримаа хийгээгүй ээ /инээв/. Гэхдээ хийж болох л байсан. Одоо ч тэгээд мянга мянган хуримын ар дээр гарахаар тэрэндээ сэтгэл цадаад өөрөө хийснээс өөрцгүй өег явдаг.  Гэхдээ миний хувийн бодол бол дөнгөж танилцангуутаа хуримаа хийх биш таван жил дотроо бие биенээ хараад таниад хэн хэндээ уусаад, аль аль талдаа хүлээн зөвшөөрөгдөөд үр хүүхдүүдээ торниулчихаад өөрсдөө боломжтой болчхоод хуримаа хийвэл илүү үнэ цэнтэй. Түүнээс, эцэг эхээрээ хийлгүүлэх биш юм.  Хуримаа өөрсдөө хийнэ гэдэг бас амьдралын төлөөх  тэмцэл гэж би боддог. Мэдээж,  эмэгтэй хүн бүр хуримын даашинз өмсөөд Гэрлэх ёслолын ордоны шатаар өгсөж байхыг мөрөөдөлгүй яахав. Мөнгөн хурим биш юмаа гэхэд алтан хуримаа хийнэ. Тэгэхдээ маш ёслол төгөлдөр хийнэ гэсэн бодол бол бий бий.

                                    

Hurim.mn : Уламжлагдаж ирсэн үндсэн зан үйлүүд юу байна? Шинэчлэгдсэн юм бий юу?

Ёслолын танхимдаа төрийн ёслол болж бүртгэл, батламжин дээр гарын үсэг зурна, ах дүү нар нь гэрчээр гарын үсэг зурна. Насан турш хамт амьдрахаа баталгаажуулж уригдаж ирсэн зочдынхоо өмнө хаан бугуйвч, хатан сүйх бөгжөө солилцоно. Тэр бүгдийг нь гэрлэх ёслолын ордон баталгаажуулж гэрэл зураг, дүрс бичлэг хийж хадгалдаг,  улсын архив болгож үлдээдэг. Өмнө нь архивладаггүй байсан юм билээ. 2013 оноос хойш хуримаа хийсэн хүн бүрийн дүрс бичлэг, зургийг цахим архив болгон улсын архивт хадгалдаг болсон. Намайг дөнгөж ажлаа аваад байхад нэг хүн байгалийн гамшгаас болоод гэр бүлийнхээ дурсгалыг алдчихлаа, 80-аад онд хуримаа хийж байсан аав ээжийн минь хуримын ямар нэгэн дурсгал байна уу гээд тэр үеийн бичлэг, зургийг биднээс сурагласан. Гэтэл архив байгаагүй. Урмыг нь хугалаад явуулж байлаа. Ер нь тэгээд бодсон, хурим гэдэг бол тухайн хүний амьдралд цор ганц тохиох агшин. Түүнийг нь бид авч үлдэж байгаа  учраас архивлах зайлшгүй хэрэгтэй юм байна.  Одоогоор 7 жилийн архив үүсгэчхээд байна.Энэ бол томоохон шинэчлэл.

Ёслолын танхимаас гараад гал бадраах ёслол хийдэг. Мэдээж ерөөл хэлж морин хуурын аялгуугаар шинэ өрхийн жаврыг үргээж билэгдлийн гал бадраадаг уламжлалаа хадгалж байгаа. Уламжлалыг шинэчлэхээсээ илүү өргөжүүлэх хэрэгтэй юм болов уу гэж би боддог. Тиймээс уламжлалыг хэвээр нь хадгалъя, бага сага л шинэчлэл хийе гэж боддог. Өөр нэг шинэчлэл гэвэл, намрын дунд сарын шинийн 17, намрын адаг сарын шинийн 3, балжинням дашням давхацсан өдрүүд маш их ачаалалтай байдаг. Гэтэл тухайн өдрийн сайн цагт , жишээ нь морин цагт ганц л хосыг авах боломжтой байдаг. Манайхан ярьдаг юм, энэ өдрүүдийн 24 цагийг хоёроор үржүүлчихдэг ч болоосой гэж /инээв/. Олон хүн авч, олон хүнийг баярлуулчихмаар байдаг. Гэтэл давхардуулж болдоггүй. Зайлшгүй цуварч л орно. Өнөөх сайн цаг нь өнгөрчих жишээтэй. Тиймээс бид хүссэн цагтаа багтаагүй, орж амжаагүй хүмүүст зориулж явуулын үйлчилгээ бий болгосон. Хэдий Гэрлэх ёслолын ордонд орж чадаагүй ч хуримын ёслол болж байгаа газар, ресторанд нь явж очин яг л Гэрлэх ёслолын ордонд ороход болдог шиг үйлчилгээг үзүүлдэг. Аль болох л тэр сайн өдөр, сайн цагт нь хүртээмжтэй үйлчилчих юмсан гэж бид хичээдэг.

Hurim.mn : Хуримаа хийхээр зэхэж байгаа хосуудад хэлэх зөвлөгөө гэвэл?

Хэрвээ хуримаа хийхээр төлөвлөж байгаа бол гэр бүлийн баталгаа маш чухал. Та бүхэн гэр бүл болсноо улсдаа бүртгүүлсэн үү гэдгийг хамгийн түрүүнд асуудаг. Түүн дээр нь үндэслэж бид ёслолын бүртгэл,  гэрлэлтийн батламж, хадгалах баримтуудаа бүрдүүлж авч үлддэг. Гэтэл зарим хүн Гэрлэх ёслолын ордоноос  Гэрлэлтийн баталгаагаа авна гэсэн ойлголттой байдаг. Тиймээс, урьдчилаад харьяа дүүргийнхээ иргэний бүртгэлийн газраас гэрлэлтийн баталгаагаа авчихаад Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийдэг юм шүү гэдгийг хэлье.

Hurim.mn : Гэрлэх ёслолын ордон хэзээ нам гүм байдаг вэ?

Зун, намрын улиралд ид оволздог. Нэгээс дөрөвдүгээр сард багасдаг. Гэхдээ одоо цаг үе өөр болоод залуучууд ээлтэй сар, өдрөө хардаг болчихсон байна лээ. Өвөл хурим бас болно оо.

Hurim.mn : Гэрлэх ёслолын ордон хэдүүлээ юм бэ?

Бид 32-уулаа. Өвлийн саруудад амарна. 5-р сараас хойш нэг ч хүн ээлжийн амралтаа авахгүй.  Ачаалалтай өдрүүдээр манайхан бүгд л хөдөлнө шүү дээ. Нэг ажил хийдэг хүн гэж байхгүй, бүгд л хөрвөх чадвартай. Тэгэх ч шаардлагатай. Жишээ нь, нярав маань үйлчилгээнд гараад л сүү зөөх, туслах маань бөгж түшигч хийгээд л зогсож байх жишээтэй.