card

 

 

 

.

 

ХУРИМАН ДЭЭР ХЭЛЭХ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ҮГС

          Хуримлагч хос хуриман дээрээ хайр дүүрэн үгсээ хоёр биедээ чин сэтгэлээсээ харамгүй зориулах бол, харин хуриманд уригдсан зочин та өөр шүү.

Та бол хэзээ ч гол дүр болж болохгүй.

Та сэтгэл хөдөллөө гээд санаанд орсноо зоргоороо бурж болохгүй. Хуримлаж буй хоёр алдаж хэлж болно, гэхдээ чин сэтгэлээсээ хэлсэн газар айхтар ноцтой алдаа болохгүй.

Харин та алдаж хэлвэл олны доог тохуу болно. Хүргэний талаас уригдсан бол хүргэнийхэн ч дээ, бэрийн талаас уригдсан бол бэрийнхэн ч дээ гэх таагүй сэтгэгдлийг зочдод үлдээж орхино.

Тиймээс, зочин та доорх нөхөрсөг хэдэн зөвлөгөөг санаандаа нэг буулгачхаарай.


  • Нэгдүгээрт , улиг болсон ерөөлөөс татгалз. Аз жаргал, сайн сайхныг хүсье гэх ерөөл үнэндээ үеэ өнгөрөөсөн. Агуулга нь мэдээж аз жаргал, сайн сайхныг ерөөж байвч таны үг сонголт ерөөлийн чинь үнэ цэнийг шууд л унагана. Амжилт гэх үг өнөө цагт хамгийн амжилтгүй үг болсныг та анзаарсан л байлгүй. Түүн шиг аз жаргал, сайн сайхан гэх үгс үнэндээ юу ч илэрхийлэхгүй байж мэднэ.

 


  • Хоёрдугаарт, үнэн үг үнэ цэнтэй байдаг юм гээд өнгөрсөн баларсан явдлыг эх адаггүй ярьж бусдыгаа залхаавзай. Чи багадаа ийм байсан, чи багадаа тийм байсан, манайхыг ч буулгаж өгдөг байж билээ...гэх зэргээр багын явдлыг баахан нуршвал за тэгээд таны хуримын рейтинг шууд навс. Тиймээс хөгтэй хөгжилтэй дурсамж ярих нь зочдыг хөгжөөдөг алтан дүрэм бий ч тунг нь хэтрүүлж болохгүй. Аа мөн, юуг ярих ярихгүйгээ сайтар бодоорой.

  • Гуравдугаарт, найр хавтгайрсан хойно үг хэлэх үнэндээ чихний хажуугаар шунгинаад өнгөрдгийг юу эс андахав. Үнэхээр л хуримлаж буй хоёрт хэлэх үг байгаад байвал, тэр үгс таны хувьд тийм чухал бол санаа саруул үед л цухуйлгадаг юм шүү дээ.

     Эцэст нь зөвлөхөд, тавхан үгэнд тар танигддаг тухай ардын сургаал зүгээр ч нэг бий болоогүй л болов уу. Тиймээс, товч бөгөөд оновчтой үг л хуриман дээр таныг хүндтэй байлгана.

 

 

 

.