card

ХУРИМЫН ХӨТЛӨГЧӨӨ СОНГОСОН УУ? /part1/

Бид залуусынхаа хүсэлтээр хуримын хөтлөгчдийн талаар мэдээлэл өгөхөөр хэдэн өдрийн турш хуримын хөтлөгчдийн эрэлд гарлаа...

   hurim.mn сайтад хандах олон залуус хуримаа мартагдашгүй сайхан хийхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ? Хуримаа хаана ямар ресторанд хийвэл зүгээр бол? Ямар хөтлөгчөөр хөтлүүлэх вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч гэсэн хүсэлтүүд  олон.  Бид залуусынхаа хүсэлтээр хуримын хөтлөгчдийн талаар мэдээлэл өгөхөөр хэдэн өдрийн турш хуримын хөтлөгчдийн эрэлд гарлаа...

    Зарим хөтлөгчдийн утас нь олдохгүй, зарим хөтлөгчид  утсаа авахгүй, утсаа авсан зарим нь яг одоо хуримаа хөтлөөд л байж байна, энэ жил ч өдөр бүр шахам хурим болж байна даа гэцгээж байсан юм.  Ингээд  гал голомтоо бадрааж, хурим найраа хийхээр төлөвлөж байгаа залуустаа хэрэг болох болов уу? гээд хөтлөгчидтэй утсаар холбогдож ярилцсан цомхон ярилцлагуудыг цувралаар та бүхэндээ хүргэхээр боллоо. Өнөөдөр бид МУCГЗ  сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, МУСГЗ МҮОНТелевизийн нэвтрүүлэгч Б.Ганбаатар, МҮОНРадиогийн нэвтрүүлэгч СТА Ч.Идэрчулуун нартай холбогдлоо. 

Сайн байна уу? Та сайхан зусаж байна уу?  Монголын Хуримын Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн Холбооны дэргэдэх hurim.mn сайтаас холбогдож байна.

Гүрбазар:  Сайн, сайн байна уу?  сайхан зусаж байна. Хур бороо элбэг жинхэнэ сайхан зун болж байна. 

Таны уран бүтээл өндөр үү? Энэ жил хур бороо ихтэй сайхан зун болж байна. Та хурим хөтөлж байна уу?

Гүрбазар:  Уран бүтээл өндөр сайхан байна.  Хур бороо элбэгтэй байгаа шиг ахынх нь ажил элбэг , зав тун багатай л байна. Хутагтын наадам, Даншиг наадам гээд, мөн хурим найр элбэг байгаа учраас ах нь ажил ихтэй байна.  

Та олон жил хурим хөтөлж байна уу? Хурим хөтлөх таны онцлог?

Гүрбазар:  Хүн төрөлхтөн амьдралдаа нэг л удаа хурим хийдэг. Тэр хуримаа ёс заншлаа дээдэлсэн, утга төгөлдөр хийж байж тухайн гэр бүлийн буян заяа тэгширч ирээдүйн амьдрал нь төвшин байдаг. Тийм учраас ах нь хурим хөтлөхдөө хамгийн гол ёс журам, зан заншлыг нь маш сайн баримталж хөтлөхийг чухалчилдаг даа.

Манай уншигчид хөтлөгчдийн үнийн талаар мэдээ мэдээлэл авч өгөөч гэж хүссэн юмаа. Та хурим хэдээр хөтөлдөг вэ?

Гүрбазар:  За ах нь хурим бүтнээр нь хөтөлбөл 2.5 сая. Одооны залуучууд хуримаа хоёр хэсэгт хувааж хийх нь элбэг болсон.  Хагас буюу хуримын эхний хэсгийн ёслолын арга хэмжээг бол тал үнээр нь хөтөлж өгдөг дөө.

За танд маш их баярлалаа.  Олон сайхан хосуудын гал голомтыг бадрааж,  амьдралын хамгийн жаргалтай  үе хурим  найрыг нь хөтөлж ерөөлөө хайрлаж байгаарай.

Гүрбазар:  Тэгэлгүй яахав ах нь хурим хөтлөхдөө их дуртай байдаг. Танай хамт олонд  ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.

Сайн байна уу? Та сайхан зусаж байна уу?  Монголын Хуримын Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн Холбооны дэргэдэх hurim.mn сайтаас холбогдож байна.

Ганбаатар: Сайн, сайн байна уу? Сайхан зусаж байна.

Таны уран бүтээл өндөр үү? Энэ жил хур бороо ихтэй сайхан зун болж байна. Та хурим хөтөлж байна уу?

Ганбаатар: Уран бүтээл арвин сайхан байна. Өө тэгээд мэр сэр хөтөлж л байна.

Манай уншигчид хөтлөгчдийн үнийн талаар мэдээ мэдээлэл авч өгөөч гэж хүссэн юмаа. Та хурим хэдээр хөтөлдөг вэ? Мэдээлэл өгч болох уу?

Ганбаатар: Бололгүй яахав. Ах нь хурим 2 сая 500 мянгаар хөтөлдөг.

Одоо ихэвчлэн хуримыг 2 үед хувааж хийдэг болсон байна. Та хувааж хөтөлбөл хэдээр хөтөлдөг вэ?

Ганбаатар:  Ах нь 2 сая 500 мянгаар л хөтөлдөг.

За танд маш их баярлалаа.  Ажилд нь өндөр амжилт хүсье.

Ганбаатар: Та бүхэнд нь ч бас баярлалаа.

Сайн байна уу? Та сайхан зусаж байна уу?  Монголын Хуримын Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн Холбооны дэргэдэх hurim.mn сайтаас холбогдож байна.

Идэрчулуун:  Сайн, сайн байна уу? Сайхан зусаж байна аа. Ямар хэргээр холбогдож байгаа юм бол?

Таны уран бүтээл өндөр үү? Та хурим найр хөтөлж байна уу?

Идэрчулуун:  Өдөр болгон алгасахгүй шахам л хурим хөтөлж байна даа. Энэ жил хурим найр, наадам элбэг сайхан зуншлагатай жил болж байна. Ах нь өнөөдөр ч хуримтай л байна.

Манай уншигчид хуримын хөтлөгчдийн талаар мэдээ мэдээлэл авч өгөөч гэж хүссэн юмаа. Мэдээлэл өгч болох уу? Хурим хөтлөх таны онцлог?

Идэрчулуун:  Бололгүй яахав. Хурим гэдэг маш өндөр дэг жаягтай, зан заншилтай байдаг. Одооны зарим залуус хуримыг шоу шиг хийдэг болсон нь дутагдалтай. Хурим найранд маш олон хүмүүс ирдэг. Найман настай балчираас наян настай буурай ирдэг. Зарим нэг хуримд уригдсан настай хүмүүс сэтгэл дундуур гарах тохиолдол ажиглагддаг. Тийм учраас миний хурим хөтлөх онцлог гэвэл хуримд оролцож байгаа бүх хүмүүсийн сэтгэлд хүртэл хөтлөх. Бас хамтран хөтлөгчөө мэдрэх юм даа. Ах нь ихэвчлэн нэвтрүүлэгч Чимэгээ болон Ичинхорлоо нартай хамтран хөтөлдөг. За бас нэг давуу тал гэвэл Орос Англи хэлтэй учраас гадаад хүмүүсийн хуримыг хөтөлдөг. Ааваасаа өвөлж авсан, сурсан зүйл их байна даа. / МУУГЗ Чулуунбат/ Аав минь надад их зүйл сургасан.

Та хурим хэдээр хөтөлдөг вэ? Мэдээлэл өгч болох уу?

Идэрчулуун: Манай хөтлөгчдийн хурим хөтлөх дундаж ханш 2-3 сая байна.  Түүнээс дээш бий л дээ. Бүр 5 саяаар хөтлөх хурим ч байна. Ах нь бол дунджаар 2 саяар хөтөлдөг. Тэгээд ихэвчлэн залуу хүмүүс хуримаа хийдэг учраас ярилцаад үнэ тохироод 1 сая 500 мянгаас 1 сая 800 мянгын хооронд л хөтөлж өгдөг.