card

МӨРӨӨДСӨНӨӨСӨӨ Ч ИЛҮҮ ХУРИМАА ХИЙСЭН

Хуримаа хийнэ гээд анх ярилцахад, манай хүн “Хуримын ордоны тэр өндөр шатыг яана аа?...” гээд халгаж л байсан. Учиргүй надад татгалзаагүй ч гэсэн цаанаа бол тэргэнцэрээрээ татуулаад явах хүсэлгүй л байсан байх...

     Насан туршийн ханиа сонгосон л бол хуримаа хийх л учиртай. Хурим гэдэг сэтгэлийн бат гагнаас, итгэлийн дүүрэн цучил юм байна лээ. Амьдрал л юм чинь заримдаа сэтгэлээр унах үе бий. Тэр үед хурим хийсэн өдрөө санахаар өөрийн эрхгүй баяр төрдөг, эрч хүчтэй болдог. Ханийгаа ч гэсэн уучилмаар, ойлгомоор болдог. Хуримын ордонд өгсөн амлалт, аав ээжээсээ сонссон ерөөл, хоёр талынхаа ахан дүүст хүндлүүлсэн тэр мөч яах аргагүй амьдралыг зорилготой, итгэлтэй болгодог гэж чин сэтгэлээсээ инээмсэглэн ярих энэ бүсгүй бол МҮОНРадиогийн “Цэнгээнт нэвтрүүлэг”-ийн редакцын редактор Болдын Болормаа. Түүний хань “Сонгино” бие даан амьдрах төвийн тэргүүн Мижигсэнгийн Чулуун-Эрдэнэ нарыг бид энэ удаагийн “Миний хурим” булангийнхаа ээлжит зочдоор онцоллоо.

                                 

Ханьтайгаа  хэрхэн танилцаж байсан бэ?

Манай хүний найз нь миний хамаатан. Үе тэнгийнх шахуу болохоор хамаатан залуутайгаа их найзархана. Тэгж явж байгаад анх ханийгаа харж байлаа. “Ямар нүдэнд дулаахан залуу вэ?” гэж бодож байснаас биш, үерхэнэ сууна гэж төсөөлж байсангүй. Бие биенээ харснаас овоо удсан, нэр нэрээ л мэдэхээс цаашгүй. Утасны дугаарыг минь найзаасаа авах гэж бөөн юм болсон гэсэн. Нууцаар шахуу утаснаас нь хайсан чинь нээх олон Болороо гэсэн нэр гараад ирсэн гэдэг. Тэгээд энэ л байх гэж бодсон дугаар нь минийх мөн байсаан. Анх утсаар ярихад нь би их л уриалагхан байснаар манай хүн зориг нэмээд, би ч гэсэн татагдаад. “Ямар сайхан хоолойтой юм бэ?” гэхээр нь “Залгаж сонсож байхгүй юу даа...” гээд би их аальгүйтсэн юм байх аа, хэ хэ. Мессежээр 7 хоног харилцсан байх шүү. Тэгээд уулзаад л аяндаа үерхэж эхэлсэн...

Таны хань гэрлэх саналаа хэрхэн тавьж байсан бэ?

Учиргүй гэрлэх санал тавиагүй ээ, манай хүн. Биднийг анх уулзаж эхлэхэд манай гэрийнхэн тийм ч таатай хүлээж аваагүй. Би чинь айлын том, дороо найман сайхан дүүтэй. Хүнтэй гэрлээгүй ч амьдралд минь гэгээ, ухаарал, уярал болж ирсэн хөөрхөн хүүтэй хүн. Тийм болохоор аав ээж минь миний суух хүнд анхаарал хандуулахаас ч аргагүй байсан биз. Хориглох шалтгаан нь манай хүний эрүүл мэндэд санаа зовсных байсан. Эвлэрэхэд амаргүй л байсан байх. Гэхдээ, бидний сэтгэлийн эвээр энэ бүхний ард гарч, нэг л өдөр манай хүний ах, эгч нар хадаг тавьж, бэр гуйсан. Хадаг тавиад жилийн дараа тусдаа гарч, дараа жил нь хуримаа ёслол төгөлдөр хийсэн дээ.

Хуримын бэлтгэлээ хэрхэн хийж байсан бэ?  

Хуримаа хийнэ гээд анх ярилцахад, манай хүн “Хуримын ордоны тэр өндөр шатыг яана аа?...” гээд халгаж л байсан. Учиргүй надад татгалзаагүй ч гэсэн цаанаа бол тэргэнцэрээрээ татуулаад явах хүсэлгүй л байсан байх. Гэхдээ, бид тэрийг асуудалд тооцоогүй ээ. Хийнэ гээд төлөвлөснөөрөө зүтгэсэн. Тэр нь ч оносон. Хуримын цогц үйлчилгээ үзүүлдэг хамт олонтой уулзаж, хуримын ерөнхий зохион байгуулалтаа даатгасан. Хамгийн өндөр үнэтэй үйлчилгээг нь сонгоогүй ч гэсэн мэргэжлийн хүмүүс үнэхээр сэтгэл татагдам сайхан хурим зохион байгуулж өгсөн. Хуримын урилга, зураг авалт, даашинз, дээл хувцас, бэрийн цэцэг, гэрчүүд, ёслол болох газар, Хуримын ордон, бөгж, машин тэрэг... гээд хуримтай холбоотой юм бүхэн бидэнд цор ганц сонголт байсан. Ерөөсөө эргэлзээгүй гэсэн үг л дээ. Хандсан бүхэн, сонгосон сонголт бүхэн дандаа мэргэн байсан гэх үү дээ. Хүмүүсийн итгэл даанч сайхан. Бидэнд сайныг ерөөсөн хүмүүсийн ачаар мартагдашгүй, давтагдашгүй хурим хийсэн дээ.

Та мөрөөдөж  байснаараа хуримаа хийж чадсан уу?

Мөрөөдсөнөөсөө ч илүү хурим хийсэн. Хурим ийм л байдаг гэсэн тогтсон ойлголтоо бид өөрсдийнхөө хуримаар өөрчилсөн. Хуримын ард гарчихаад, хэдэн жилийн дараа ч гэсэн, одоо ч мөн адил уригдсан зочдынхоо амнаас “Танай хурим...” гээд дурсаад ярихыг нь сонсох сайхан байдаг.

Хуримынхаа үеэр хайртдаа ямар нэгэн гэнэтийн бэлэг барьж байсан уу?

Бид хамтдаа “Ээжээс ерөөл хүсэх дуу”-г хөгжимтэй дуулж, ирсэн зочиддоо дуулж өгсөн. Манай хүн хөгжмөө эхлэхийг хүлээлгүй солгойрч дуулж эхлээд, хуримын зочид түрж дуулаад танхим дүүрэн л инээд цалгисан. Санаанаас ер гардаггүй юм. Ер нь гэнэтийн бэлэг хуримыг их хөгжөөдөг юм билээ. Бие биедээ ч юм уу, эсвэл ирсэн зочиддоо, аав ээждээ... гээд гэнэтийн бэлэг барьж болно шүү дээ.

Таны бодлоор хурим тань юугаараа онцлогтой байсан бэ?

Чин сэтгэл байвал бүх зүйл болж бүтдэгийг бид хуримаараа ойлгосон. Заавал мөнгө санхүүд баригдалгүй, байгаа хэмжээндээ тааруулаад өөрсдийгөө ч, бусдыг ч ядраалгүй хурим хийж болдог л юм байна лээ. Байхгүй, бүтэхгүй зүйлийг заавал бүтээх гэж зүтгэхээс илүү болж бүтэж байгаа бүхэндээ сэтгэл ханаж байх нь хуримаа итгэл дүүрэн хийхийн үндэс.

Хуримын ойгоо тэмдэглэдэг үү?

Тэмдэглэдэг. Жил бүрийн наймдугаар сарын 15-ны өдрийг утга учиртай өнгөрөөхийг чухалчилдаг. Ажил, амралт аль нь ч таарсан хамт байж, гэр бүлээрээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хуримаа хийх гэж байгаа хосууддаа юу гэж зөвлөмөөр байна. Хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

Хуримаа хийхээр шийдсэн л бол сайн төлөвлөх хэрэгтэй санагдсан. “Сайн төлөвлөлт ажлын тэн хагас” гэсэн үг байдаг. Хурим зохион байгуулдаг газраа зөв сонгосон л бол та хуримаа ямар болоход санаа зовох хэрэггүй. Хуримтай холбоотой ажил үйлсээ даатгасан хүнд итгэсэн л бол эргэлзэж буцах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Эргэлзээд л, байн байн хянаад л, санаа зовоод л байвал таны хүссэнээр л болно. Өөрсдөө гоё, сэтгэл хангалуун байхад л цаг гаргаарай. Бид чинь энд ч санаа зовоод, тэнд ч бодол санаа төвлөрөөд ялангуяа хурим болохын өмнөх шөнө нойртой нойргүйн хооронд амардаг. Ингэх хэрэггүй л санагдсан. Хамгийн гол нь хуримлаж байгаа хос л амар тайван, аз жаргалтай байвал аяндаа хурим гэгээн, жаргалтай болно оо.

Хурим хийх нь амьдралын зайлшгүй чухал үйл явдал мөн үү? Мөн бол яагаад?

Насан туршийн ханиа сонгосон л бол хуримаа хийх л учиртай. Хурим гэдэг сэтгэлийн бат гагнаас, итгэлийн дүүрэн цучил юм байна лээ. Амьдрал л юм чинь заримдаа сэтгэлээр унах үе бий. Тэр үед хурим хийсэн өдрөө санахаар өөрийн эрхгүй баяр төрдөг, эрч хүчтэй болдог. Ханийгаа ч гэсэн уучилмаар, ойлгомоор болдог. Хуримын ордонд өгсөн амлалт, аав ээжээсээ сонссон ерөөл, хоёр талынхаа ахан дүүст хүндлүүлсэн тэр мөч яах аргагүй амьдралыг зорилготой, итгэлтэй болгодог. Би боддог юм. Олон дүү нартай болохоор дүү нарынхаа хуримыг өөрийнхөөсөө ч илүү гоё зохион байгуулж өгнө гэж. Хурим гэдэг насан туршийн хүндлэл, итгэл, хайр, урам зориг байдаг юм шүү.

       Урилгыг минь уриалагханаар хүлээн авч манай сайтын уншигчдад хуримынхаа тухай хуучилсан сайхан хосынхоо гэр бүлд гэгээн бүхнийг хүсье. Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян болоорой.