card

ОНЦЛОХ “СЕЛФИ”

Үнэндээ ашигтай зүйл байх нь...

       Галзуу юм! Ажиглалтаас үзэхэд гэрлэх санал хүлээж авсны дараахан ихэнх бүсгүйчүүд энэ тухайгаа цахим орчинд “постлодог” юм байна. Ямар утгатай гэж тэр вэ... Гэрлэх болсноо мэдэгдэх гэж үү, сүйн бөгж тань ямар гэдгийг сонирхуулах уу, гэнэтийн сайхан мэдээг бусадтай хуваалцах зорилготой юу, эсвэл энэ мода юм уу... Эргэлзэж л сууна. Ширүүхэн эхэлснийг минь “уучлаарай” бас “битгий уучлаарай”. Хэн нэгийг гомдоох гээгүй юм шүү.

     Гэрлэх санал сонсоод зүрх тань ердийнхөөсөө хоёр магадгүй гурав дахин илүү хүчтэй цохилж, “тийм” гэж хэлчихээд тэсэхүйеэ бэрх догдлолын улмаас хамгийн өндөр дээрээс нисмээр, хорвоогоор дүүрэн хашгирмаар санагдах нь эрүүл ухаантай хүний хийх л зүйл. Аа, яг энэ шалтгааны улмаас бүсгүйчүүд сүйн бөгж зүүсэн зургаа олон нийтийн сүлжээнд нийтлэдэг байх нь. /Хорвоогоор дүүрэн хашгирснаас ялгаа юу байхав./

       Хуримын гэрэл зурагчин Пэйн Жонсын зөвлөснөөр ийм төрлийн селфи хийхдээ хамгийн зөв өнцгийг сонгож, аль болох байгалийн гэрлийн тусгалыг таатайгаар ашиглавал энэ нь өөрөө зүгээр ч нэг “хашгираан” биш харин ч гоо зүйн хувьд урлаг, нийтэд хүртээмжтэйн хувьд зар сурталчилгаа, мэдээж бөгжний эзний хувьд сайхан дурсамж болж үлддэгийг зөвлөжээ.

       Сүүлийн үед цахим сүлжээнд нийтэлсэн зургуудаас баталгаатай биш ч дараах мэдээллийг авч болох юм.

  • Гэрлэх саналыг ихэнхдээ ямар очинд тавьж буйг
  • Ихэвчлэн сонгогддог сүйн бөгжний загвар
  • Хэд орчим насандаа гэрлэх санал авч болохыг /сүйт бүсгүйн гар энэ мэдээллийг барагцаалахад туслана. Эмэгтэй хүний насыг гараар нь мэддэг шүү дээ./

      Тэгэхээр сүйн бөгжний селфи үнэндээ ашигтай зүйл байх нь... Яаж мэдэхэв, яг одоо энэ тухайгаа “постлох” гэж байгаа бол хамгийн тохиромжтой төгс өнцгөөс зургаа дараарай. Таны бөгж гэрэлтэх цаг болжээ!