.

         Их хотын амьдрал, хүүхдийн дуу, моддын навчис замын түгжрэлд улам ч өрнүүн болсон намрын баян улирал иржээ. Хэдий хүйтний улирал ирж байгаа хэдий ч намрын улиралд би дуртай. Олон олон үйл явдал өрнөдөг, олон сайхан учрал тохиодог хамгийн баян улирал санагдаад байдаг юм.

       Мөн олон ч хос намрын сард гал голомтоо бадрааж, амьдралын торгон агшин, аз жаргалыг мэдэрдэг. Намрын дунд сарын шинийн 17 тун удахгүй болно. Хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа Монгол хуримын ёс жаягаас танилцуулъя.

      Монгол найрын аливаа дэг, ёс нутаг нутгийн заншлаасаа шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Хуримын ёслол чухал билэгдэлтэй байдаг ч хот суурин газар тэр бүр хийх боломжгүй учир цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж заримыг нь орлуулан ёслох болжээ. Тиймээс орчин цагийн Монгол хуриманд үйлдэгддэг нийтлэг ёслолуудын талаарх товч мэдээллийг хосууддаа хүргье.

         

Цагаан замын ёслол                                                

       Монгол ёсонд бэрээ манай хүн боллоо гэж хүндэтгэн өргөө гэрт нь оруулахдаа газар гишгүүлдэггүй. Хэрэв гишгүүлэхээр бол цагаан салхи өвөрлөн ирлээ, цаашдын амьдралынх нь зам мөр үргэлж гэрэл гэгээтэй байх болтугай гэж билэгшээн цоо шинэхэн цагаан эсгийн дээр гишгүүлж оруулдаг. Энэ ёсыг орчин цагт хуримын зочдын өмнө хосыг анхлан урихдаа рестораны үүднээс тэргүүн ширээ хүртэл цагаан эсгий дэвсэж, хосын явах замд сарнайн дэлбээ асгуулж бэргэн, гэрч нарын хамтаар оруулж ирдэг.

Ууц хөндөх ёс

      Хурим найрын ууц шүүсийг хүргэний талын нагац хөндөнө. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураас дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндсөний дараа рестораны зөөгч, үйлчлэгчид ууцыг жижиглэн зүсч  таваглаад ширээ бүрт тараана. Энэ нь ирсэн зочин бүрт хоёр хосын болоод хурим найрын буян хишгийг хүртээж байгаа билэгдлийн утга учиртай юм.

Сүүний ёслол

Энэхүү ёслол нь эхийн ангир уураг, ариун цагаан сүүг амлаж хүмүүн болсон хос нэгдэж, төрөл садан нь ураг барилдаж байгааг илэрхийлдэг бөгөөд  хоёр талын ээжүүд  хүү, охиндоо мөнгөн аягатай сүү амсуулдаг. Энэ нь хоёр хосын ирээдүйн амьдралын зам мөр нь сүү шиг ариун цагаан байхын билэгшээл юм.

Гал бадраах ёслол

Эцгийн голомтоос гал тасалж шинэ өрх айл, гал голомтоо бадраасны билгэдэл болгон сүйт бүсгүй тулганд гал асаана. Энэ нь Монголчууд  эртнээс гал голомтоо тахин шүтэж ирсэн зан үйлээс улбаатай. Харин хот суурин газруудад энэхүү уламжлалаа дагаж гэрлэх ёслолын ордонд бэрийн анхны билэгдлийн галыг бадраадаг. Мөн ресторанд болж буй хуримын ёслолд хосууд гал голомтоо бадрааж буйг билэгдэн орчин үеийн лааны ёслолын төхөөрөмж ашиглан ассан нэг лааг дундаа барьж сууринд шигтгэсэн бүх лааг хамтдаа асааж үйлддэг.

Хуримын бялуу хөндөх ёслол

Хуримын бялуу нь Францаас үүдэлтэй бөгөөд хуриманд ирсэн зочдод бэлэгний оронд гэртээ өөрсдийн гараар хийсэн бялуугаа бэлэглэж давхарлаж өндөр болгодог байсан. Энэ нь тэр гэр бүл хичнээн өнөр өтгөн, олон найз нөхөдтэйг нь илэрхийлдэг бөгөөд бялууг бүсгүйн талын ээж, хэрэв ээж нь байхгүй бол ээжийн талын эмэгтэй хүн түрүүлж хөнддөг байсан нь гал тогоо барих хүн гэж үздэгтэй холбоотой юм. Харин орчин үед хосууд хамтдаа бялуугаа хөндөж хоёр биендээ амтлуулдаг болсон.

Сүйт бүсгүйн цэцэг шидэх ёслол

Сүйт бүсгүйн цэцэг шидэх ёслол нь мөн л Франц улсаас үүдэлтэй. Олон зуун жилийн өмнө хуримын үеэр сүйт бүсгүйд хүрэх нь аз авчирдаг, тэр тусмаа түүний хуримын даашинз болон гивлүүрээс нэг хэсгийг салгаж авах нь үүнээс том азыг илэрхийлдэг байжээ. Харин сүйт бүсгүйчүүд өөрийн  даашинз болон бал сараа баллуулахгүйн тулд баглаа цэцгээ дээш шидэн зочдоо цэцэгний араас тэмцэлдүүлдэг болсон байна. Аз болоход зочдод энэ нь таалагдаж сүйт бүсгүйн шидсэн цэцгийг анх барьж авсан гэрлээгүй, ганц бие бүсгүй тун удахгүй романтик хайр дурлалтайгаа учирч гэрлэнэ гэдэгт итгэдэг. Хэрэв ганц бие эмэгтэй сайн найз байвал сүйт бүсгүй гарын цэцгээ албаар шахуу хойшоо чиглүүлэн шидэх нь дараа хуримаа хийгээрэй гэсэн домын утгатай. 

facebook page