card

СҮЙН БЭЛЭГ


 


     Хосууддаа өдрийн мэнд хүргэе! www.hurim.mn сайт Монгол хуримын зан үйлээс уншигч хосууддаа цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад хуримын зан үйлд багтдаг СҮЙН бэлэгийн тухай сонирхуулна.

    Хуримын өмнө хүргэн нь өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд бэлэг барьдаг. Хүргэн хүүгийн барьсан бэлэг нь охиноо өгснийх нь хариу сүйн бэлэг болон тооцогддог байна. Сүйн бэлэг нь ихэвчлэн хуримын бэлтгэл буюу бэрд хувцас, гоёл төхөөрөхөд зориулагддаг ажээ. Сүйн бэлэгт эд агуурс, бүс бараа оролцох боловч гол зүйл нь сондгой тоотой мал байх бөгөөд хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгож өгдөг заншилтай. Бэлэг тэргүүлж ирсэн морийг “Магнай морь” гэж нэрлэдэгээс үзвэл сүйн бэлэгт морь тэргүүлэх үүрэгтэй гэж үздэг байжээ.  Халх нутагт сүйн бэлгийн ерөөл хэлэхэд бэлгийн магнай болсон нэг морийг хөтлөн ирж цулбуур өргөн ерөөх ба сүй бэлгийн ерөөлийг магнай морь, эсвэл сүйн морины ереөл гэж нэрлэдэг.

     Сүйн бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь, хонийг халуун хошуут мал, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэй холбоотой. Түүнчлэн сүй бэлэгт "Эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах хуурай" зэрэг ёгт бэлгэдлийн чанартай зүйлс заавал оролцдог. Энэ нь хоёр талын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн Монгол ухаан. Сүйн бэлэг нь хоёр талын ургийн холбоог зөн бэлгэдлийн утга бүхий эд юмсаар баталж буй хууль эрхийн учир холбогдолтой. Сүйн бэлгийн хариуд бэрийн талаас ИНЖ нэртэй бэлэг төхөөрөн өгдөг. Дараагийн цувралаар ИНЖ бэлэгний тухай танилцуулна.