card

Хаан бугуйвч, хатан сүйх


www.hurim.mn сайтыг уншиж хамт байдаг хосууддаа баярлалаа. Олон сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхээр зорин ажиллаж байна. Энэ удаад ур хийц, утга агуулгаараа дэлхийд ховорт тооцогддог Монгол хуримын бөгжний тухай танилцуулъя.


 


Монгол хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс эрс өөр загвар хийц, өргөн утга агуулгатайгаараа онцлогтой. Энэ хорвоод эхнэр нөхөр болон амьдрахаар нэгнээ сонгон хуримаа хийсэн, Монгол хүн бүхний гарт гялалзах хуримын бөгжний загварыг дархан Батхүү хатан сүйх, хаан бугуйвч гэдэг Монгол хээнээс үүдэн зохиож байжээ. Айл гэрийн ноён нуруу эр нөхрийн бөгжийг хаан бугуйвч, авааль нөхрийнхөө халамжит хань эхнэрийн бөгжийг хатан сүйх гэж нэрлэдэг байна.     


 

story-image

Манай улсад хуримын ордон анх байгуулагдахад хуримаа хийж буй хосуудад ямар бөгж санал болгох вэ? гэсэн асуудал тулгарчээ. Тухайн үеийн соёлын яамнаас бүх гар урчууд, дизайнер, дархчуудын дунд хуримын бөгжний загвар гаргах уралдаан зарласан байна. Тэрхүү уралдаанд дархан Батхүү түрүүлж анхны загварыг гаргаж байсан түүхтэй.  Түүнээс хойш хаан бугуйвч, хатан сүйхтэй бөгж Монголын хуримын бөгжний загварыг тодорхойлох болжээ.


 

Батхүү дархан хос бөгжийг урлахдаа гүн утга агуулгыг билэгдэж урлажээ.  Хаан бугуйвч, хатан сүйх хээ нь үүрдийн бат бөх холбоог билэгддэг байна. Хоёр хээ хоорондоо холбогдсон нь хос залуусыг үүрд хамт бат бөх аз жаргалтай амьдрахын ерөөлийг билэгджээ. Хаан бугуйвч буюу эр нөхрийн бөгж 2 дугуй тойрогтой байдаг нь хоёр айлын тоонот гэрийн дундаас өөрийн гал голомтыг бадрааж буй айл гэрийн ноён нуруу гэдгийг тооноор бэлэгшээсэн. Харин хатан сүйх буюу гэрийн эзэгтэйн бөгж нь ташуу хоёр дөрвөлжин зөрж барилдсан байдаг. Энэ нь айл гэрийн ноён нуруу тооныг түшиж, тулж явах хүн учраас баганаар бэлэгшээж урласан гэдэг. Үүгээрээ амьдрал хэмээх том далайг хамтдаа гатлахаар нэгнээ сонгосон хосуудад нэг нэгэндээ түшиг тулгуур болж амьдрахын утгыг билэгдэн урлажээ.


                                           


Бөгжний доторх хоёр нүд нь эхнэр нөхрийг, гадна талын гурван нүд аав, ээж, ах дүү, хамаатан садангуудтайгаа үргэлж холбоотой явахыг билэгдэхээс гадна дөрвөн зүг найман зовхист зовлон жаргалыг хамтдаа туулна гэсэн билэгдлийг агуулжээ.

Монгол хуримын бөгжний нэр нь хүртэл давхар утга агуулдаг. Гэргийнхээ чимэг нь болж явах учрыг билэгдэж хаан бугуйвч гэж нэрлэсэн бол эр хүнийхээ цоморлог нь болж явахыг билэгдэж хатан сүйх гэж нэрлэжээ. Хуримын бөгжийг нөхөр баруун гартаа зүүнэ. Энэ нь чиний эрхэм хүндлэлд гэсэн утгатай. Харин эхнэр зүүн гартаа зүүдэг. Энэ нь мөн чиний зүрхэнд гэсэн утгыг илэрхийлдэг байна.