ХУРИМЫНХ НЬ ӨДӨР ХҮРГЭНИЙХЭЭ ГУТЛЫГ ХУЛГАЙЛААРАЙ

/Хуримын хачирхалтай зан үйлээс - 2/

     Германд шинэхэн хуримласан хос мод хөрөөддөг, Австралид зочиддоо чулуу өгдөг, Чеченд сүйт бүсгүй аягатай ус хүмүүст уулгаад зөрүүлээд мөнгө авдаг, Швейцарт сүйт бүсгүйг есөн жорын юманд булхуулдаг, энэтхэг эмэгтэй өнгө өнгийн будгаар бүх биеэ хээлдэг хачирхалтай заншил ёсыг уншигч та манай сайтаас уншсан бол тэрхүү цуврал цааш үргэлжилж байна.

Индонез

Бали аралд хуримлах гэж буй залуучуудын шүдийг тайрдаг эртний ёс хэвээрээ байна. Араа, соёо оролцуулаад нэг дор зургаан шүдийг нь тайрч богиносгодог бөгөөд энэ нь насанд хүрч бие даасан амьдралд орлоо, эцэг эхийнхээ нуруунаас ачаа авч хаялаа гэдгийг нь бэлгэдэж байгаа юм гэнэ.

                       

Румын

Азийн зарим орноос гадна Европт ч бас тохиолддог бэр хулгайлах ёс Румынд түгээмэл. Хуримын өглөө шинэ бэрийг хүргэний найз нөхөд, ах дүү нар эс бөгөөс найрыг хөгжөөнтэй болгохоор хөлсөлсөн тусгай хүмүүс хулгайлан авч одох бөгөөд сүйт залуу араас нь хөөцөлдөн явж мөнгө зоос, сайн архи дарс өгч байж хүүхнээ буцааж авчирна.    

      

Пакистан

Сүйт залууг хуримлах өргөөнд орж ирсний дараа бэрийн эгч дүүс шинэ хүргэнийхээ гутлыг хулгайлж нуугдана. Хүргэн хурим өндөрлөхөөс амжиж хулгайчийг олоод хувцас, мөнгө өгч гутлаа эргүүлж авна. 

                                        

Солонгос

Солонгосын хуучны уламжлалд хүргэн нь хадам эхдээ зэрлэг галуу эсвэл нугас бэлэглэдэг байжээ. Эдгээр шувуу нь насаараа нэг л хостой байдаг тул охинд нь нэг насаараа хайртай, үнэнч байна гэдгээ хүргэн тэгж илэрхийлдэг байв. Харин орчин цагт хос залуус бие биедээ модон нугас буюу галуу бэлэглэдэг болсон байна.   

                                              

Польш

Польшийн ёсонд, хуриманд ирсэн хүмүүс бэрийг урьж бүжиглэхээр бол мөнгө өгөх буюу, энэ эрхийг худалдаж авдаг. Бэрийн талын тусгай томилогдсон хүн мөнгийг цуглуулна. Хос хоёр мөнгөө бал сарын аялалдаа зориулдаг ёстой. 

                                                  

Газар орон бүрт хуримын хачирхалтай зан үйл байдаг аж.  Заншил ёс сайхан ч хэт гажаад ирэхээрээ мухар сүсэг, мунхаг харанхуйн илрэл болдог нь харамсалтай.