card

ХУРИМАН ДЭЭРЭЭ ХЭЛЭХ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ҮГС

Хурим бүр сэтгэл хөдөлгөм байдаг ч эргээд дурсахад хуримлагч хосын хоёр биедээ хандсан үгс дурсамж дундаас илүүтэй тодордог.

ХУРИМ – Энэ үг шууд л сэтгэл хөдлөл гэх утгыг илэрхийлэх шиг санагддаг.

Хурим бүр сэтгэл хөдөлгөм байдаг ч эргээд дурсахад хуримлагч хосын  хоёр биедээ хандсан үгс дурсамж дундаас илүүтэй тодордог.

Учир нь үг гэдэг хэзээд амьтай байдаг. Тэр амийг чин сэтгэл бий болгодог. Тиймээс бид энэ удаа хуриман дээрээ хэлэх сэтгэл хөдөлгөм үгсийн талаар хосууддаа зөвлөж  байна.

Сүйт залууд зориулав

Өөдөөс чинь харан зогсох цав цагаахан өмсгөлтэй үзэсгэлэнт  бүсгүй чамд өөрийгөө даатган хувь тавилангаа гарт чинь атгуулахаар зөвшөөрчихлөө. Гэхдээ сүйт залуу чи, бүсгүйнхээ дотор насан туршид хадгалагдах бяцхан жаалхан охиныг үргэлж санаж үгийн зөөлнийг, үйлийн эерэгийг зориулж байгаарай. Та хоёр хэдэн хүүхэдтэй болж хичнээн жаргалтай байхыг хэн ч хэлж мэдэхгүй ч баяр гунигийн алинд ч, үхэл хагацлын өмнө ч түүнийгээ нялх балчирхан охин шиг л санаж хамгаалж өмгөөлөөрэй.

Үүнийг хуриман дээрээ хэлэх үгс чинь тамгалах болно.

Тиймээс сүйт залуу чи хуриман дээрээ хонгор бүсгүйдээ юуг хэлэх гэж байна даа?

Юуны түрүүнд, үгээ хэлэхээсээ өмнө хэсэг чимээгүй зогсож өөрийнхөө дотоод БИ-гээ чагнаарай. Дотроос хэлэх үгийг алдалгүй барьж чин сэтгэлээсээ, гол нь чин сэтгэлээсээ түүндээ хэлээрэй.

Хоёрдугаарт, сүйт залуу чи хуримын маргаашаас эхлэн ХАНЬ НӨХӨР болно. Тиймээс үгээ зориулахдаа насан туршийн өмөг түшгийг илэрхийлэхүйц бат нот, чанга тод хэлээрэй. Хуриман дээрээ сулавтар дуугарах эр хүн цаанаа л доожоогүй харагддагийг битгий март.

Гуравдугаарт, сүйт залуу чи хайртдаа үгээ хэлэхдээ хоолой чичрэх, ээрч түгдрэх зэрэгт битгий сандраарай. Амьдралын явцад тулгарах саад бэрхшээлийн дэргэд энэ бол юу ч биш. Тиймээс өөдөөс тань тормойх хайртынхаа нүд рүү эгцлэн, гарыг нь чанга атган инээмсэглээд үгээ засаад л хэлчих. Бүсгүй чинь шоолонгуй харах ч асуудал тулгарахад хөнгөхөөн даваад гарчих юм байна гэх итгэл төрөх болно.

Эцэст нь хэлэхэд, сүйт залуу чамд энд тэндэхийн эх сурвалжаас элдвийг зөвлөж болох ч  хуримын тэр л өдрөө чин сэтгэлийн үгээ зоримог шийдэмгий хэлэх л хамгийн том ЗӨВЛӨГӨӨ аж.


 

Сүйт бүсгүйд зориулав

Бүсгүй минь, өөдөөс чинь эгцлэн ширтэх нүдний өнгө ямар ч байж болно. Гол нь тэр чам руу далдиралгүй ширтэж байвал, тэр харц чамд амар тайвныг мэдрүүлж байвал чи ханиа олжээ л гэсэн үг. Сүйт залуу чинь нуруугаар  чамаас өндөргүй байж болох ч түүний дотор харж байгаагаас чинь хавьгүй өндөр нуруу ханайж байгаа.

Залуу чинь хуриман дээрээ ээрч мууран бүтэлгүйтэж болно. Гэвч амьдрал дээр бүтэлгүйтнэ гэсэн үг биш. Чиний гоо үзэсгэлэнгийн өмнө барьц алдан сандарсан л хэрэг.

Тийм ээ, бүсгүй минь чи хуриман дээрээ хайртай залуудаа юуг хэлэх гэж байна даа?

Юуны түрүүнд, үгээ хэлэхээсээ өмнө мөн л хэсэг чимээгүй байж өөрийгөө чагнаарай. Дотор сэтгэл хэзээд үнэн байдаг учраас тэр л чамд хайртдаа зориулах үгийг хэлэх болно. Гол нь чи түүнийг үнэн зөвөөр таньж хайрт залуудаа уламжлаарай. ҮНЭН ЗӨВӨӨР шүү.

Хоёрдугаарт, сүйт бүсгүй чи хуримын маргаашаас эхлэн ГЭР ГИЙГҮҮЛЭГЧ болно. Тиймээс үг бүрээсээ халамж хайрыг цацраагаарай. Гэхдээ гоё чамин үгийг хэзээ ч, хэзээ ч битгий сонго. Дотроос  ундрах үгсээ онож чин сэтгэлээсээ хэлээрэй.

Гуравдугаарт, хайртай залуу чинь насан туршдаа чамаас юуг хүснэ гээч. ИТГЭЛ...Чи түүнд итгэж байгаагаа илэрхийл. Түүний хүч чадал, нөмөр нөөлөг насан туршид энэ амьдралыг авч явах учиртайг хангалттай илэрхийл. Хайртад чинь чиний итгэл л хамгаас чухал. Ялангуяа, хуримын өдрөө догдлон зогсох энэ үед бүр ч хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, сүйт бүсгүйд зөвлөгчид үргэлж байдаг. Ээж, эгч, найз охид...жагсаалт цааш овоо үргэлжилнэ. Гэхдээ бүсгүй минь, нэгэнт л итгэсэн бол итгэсэн шиг итгэж, нэгэнт л даатгасан бол даатгасан шиг даатгах л үлдлээ.

Амжилт хүсье, хоёр оо!