card

ХУРИМЫНХАА ӨДРӨӨР МОД ХӨРӨӨДӨХ ҮҮ?

/Улс орнуудын хуримын хачирхалтай зан үйлээс.../

Ингэхэд хуримтай таарвал муу ёр гэх сүсэг хаанаас эхлэлтэй юм бол? Яагаад тэгдэг юм бол? Хэн, хэзээ хуримтай таарчихаад бүтэлгүйтсэн хэрэг вэ? Баяр хөөр дүүрэн яваа хосын өөдөөс нулимах дүр зургийг уншигч та харж л байсан байх. Хуримтай таарвал муу ёр гэх сүсгийн учир шалтгааныг сурвалжилж мухарлах сан гэж бодогдох. Гэтэл дэлхийн өнцөг булан бүрт хуримтай холбоотой хачирхалтай гэмээр зан үйл байдаг аж.

Герман

Германд шинэ хүргэн бэр хоёроор мод хөрөөдүүлдэг ёс орчин үед ч хэвээрээ байна. Энэ нь хос залуус анхныхаа сорилтыг хамтдаа давж буйг харуулахаас гадна амьдралд нэг хүн шиг байж, тулгарах аливаа саад бэрхшээлийг туулж чадна, ийм хүсэл эрмэлзлэл төгс байна гэдгээ аав ээж, ах дүү, найз нөхдөдөө үзүүлэн тэднийгээ баясгаж буй хэрэг юм.

                                    

Австрали

Австралид хуриманд уригдаж ирсэн хүмүүст нэг нэг чулуу өгдөг. Чулуу авсан хүмүүс хурим өндөрлөтөл түүнийгээ хадгалж байх бөгөөд найр тарах болоход чулуугаа тусгай бэлтгэсэн гоёмсог саванд хийнэ. Гэр бүл болсон хоёр ах дүү, амраг садан, найз нөхдийн сайны ерөөл тэр чулуутай саванд шингэж бүрэлдсэн хэмээн бэлгэдэж хүндтэй газраа хадгална.

                                            

ОХУ

Чеченьд хуучны нарийн дэг ёстой айлд хурим болж байхад сүйт бүсгүй олноос зайдуу, нүүрээ халхалж зогсдог. Ирсэн зочид түүн рүү очиж ус гуйна. Тэгэхэд нь хүн бүрт ус аягалж өгнө, зочин өгсөнийг нь дуустал уугаад аяганд мөнгө хийж буцаан барьдаг ёстой. Шинэ бэр бүтэн өдөржин ч хамаагүй ингэж зогсох нь бий.

                                            

Энэтхэг

Шинэ бэрээс авахуулаад, хуриманд оролцож буй хүний өөрийн эмэгтэйчүүд бүгдээрээ өнгө өнгийн будгаар бүх биеэ хээлж гоёсон байна. Хэнна хэмээх энэ хээ нь аз жаргал, баяр баясгалан, хайр дурлалыг бэлгэддэг.   

                                            

 

Швейцарь

Швейцарийн зарим мужид сүйт бүсгүйг хуримынх нь урьд өдөр есөн жорын юманд булхуулдаг хуучны ёс хэвээр байна. Муухай харагдах, эвгүй үнэртэй байх тусмаа сайн. Түүнийг нь үзэж олноороо баясна. Тэр булхах юманд нь кетчуп, майонез, өндөг, шар айраг, тараг, хоолны шавхруу гэх мэт үнэхээр л есөн жорын юм ордог байна. Тэгээд зогсохгүй, хархүүгийн найз нөхөд сүйт бүсгүйг тийм байдалтайгаар нь тухайн нутаг орныхоо, уушийн газар гэх мэт хүн олноор цугладаг газраар авч явна. Ёс гүйцэтгэсэн гэдгээ олонд харуулж байгаа нь тэр. Ийм юм амссан бүсгүй нөхрийнхөө хэр баргийн ааш араншинг тоохоо больдог гэж үздэг. Ингэснээр гэрт хэрүүл гарахгүй гэж хуучны хүмүүс итгэдэг байв. Анхнаасаа олонд ийм муухай, өмхий самхай үзэгдсэн хүүхнийг айлын харчууд тоож өдөхгүй гэдэг үнэмшил бас байжээ.

                                               

Хачирхалтай гэхэд багадам зан үйлүүд орчин цагт ч уламжлагдсаар. Боловсорч мэдлэгжсэн соёлт хүн төрөлхтөн өнөөдөр ч гарал түүх нь тодорхойгүй, учир шалтгаан нь ойлгомжгүй ёс заншлыг гүйцэтгэсээр...Бусад улс орнуудын жишээ цааш үргэлжилнэ.