card

   

 

 

 

 

.

ХУРИМЫН ДААШИНЗНЫ МИНЬ ӨНГӨ ЦАГААХНААРАА...

Гадаа бороо шивэрнэ. Сэтгэлд гуниг үерлэнэ.

Толинд тусах 40 настай өөрийгөө харахад сэтгэл нэг л хөндүүр.  30 настайгаа эвлэрч ядан явтал нэг л мэдэхэд 40 настайгаа нүүр тулжээ.

Цагаахан даашинз өмсөн хорвоод цор ганц хувь учрах хайртынхаа гараас атган нүдэндээ баярын нулимстай инээмсэглэн зогсож байгаагаар өөрийгөө төсөөлдөг асан тэр мөрөөдөл хэдийнээ бүдгэрч...

Хуримаа мэдээж хийнэ. Хуримын тэр өдрөө би хун шиг цав цагаан даашинз өмсөн хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байх болно гэх төсөөлөл мөрөөдөл минь хаа нэг тийшээ хийсэн оджээ.

Хайрыг магтан дуулагч би хэдийнээ анхны хайртаасаа салж хоёр дахь амьдралаа зохиож.

Өглөө эртийн анир гүмд намуухан хурхирах нөхрөө, хоёр өөр эцгийнх ч хорвоод эгч дүүс болж заяасан хоёр охиноо ширтэн зогсохдоо өөрөө би энд огт амьдраагүй мэт мэдрэмж төрнө.

Сэтгэл нэг л уйтай. Эвлэж бүтэж яваа энэ амьдралд минь хурим л үгүйлэгдээд байх шиг. Хуримаа л хийчихвэл бүтэн болчих байсан мэт. “Хуримаа хийж буй би” энэ өглөө хаа нэгтэйгээс гэнэт гарч ирэн намайг сэмлэж жирийн нэгэн ажлын өдрийн өглөөг минь ийн үймрүүлж орхив.

Нөхөр, хүүхдүүдээ сэрэхээс өмнө сэтгэлээ ямар ч гэсэн барьж тогтоохгүй бол энэ өдөр, ирэх өдрүүд намайг зүгээр байлгахгүй нь гэх бодол төрж юу ч юм хиймээр санагдав. Цахим шуудангаа шалгаж сатаарахаар компьютерийнхаа ард суутал 60 настай англи эр анхны хуримаа хийсэн тухай мэдээ таарч орхив. Хуримлах тухай хэзээ ч бодож төлөвлөж яваагүй энэ эр 60 насандаа гэнэт л хайр сэтгэлд цаламдуулан өөрийн эрхгүй хуримаа хийхэд хүрсэн тухай бодит түүх... Орчлон хорвоогийн нөгөө бөөрөнд төсөөлөөгүй, мөрөөдөөгүй хурим ийн болсон байтал энд би төсөөлж мөрөөдөж явснаа нэхэн санагалзаж зүрх шимширч суух гэж.

Юм гэдэг яасан сонин бэ, ямар сонин давхцал вэ?!

Гайхшрахтай зэрэгцэн уй гунигаар үерлэсэн сэтгэлд минь зурвасхан гэгээ тусч эхлэв. Хурим хийхэд хэзээ ч оройтохгүй нь. Хүний хорвоод ганцхан амьдрах энэ хувь тохиолыг хуримгүйгээр би өнгөрөөх гэж үү? Төсөөлөл мөрөөдөлдөө хуримын даашинзтай зогсох өөрийгөө ингээд л хаячих гэж үү? Харагдах байдал минь өөрчлөгдсөн ч хамаа алга. Хорвоогийн дөрвөн арваныг элээсэн ч хуримын даашинз мөрөөссөн хонгорхон сэтгэл минь хориодхон настай үеийнхээрээ байгааг би мэдрэв.

Амьдрал надад баяр гунигийн аль алиныг өгсөн. Зөрүүлээд бас залуу нас, гоо үзэсгэлэн, хүсэл мөрөөдлөөс минь ч хумсалсан. Гэхдээ, төсөөлөл мөрөөдөл дэх хуримыг минь хараахан аваагүй байж. Учир нь, хуримын даашинзны минь өнгө цагаахнаараа тодорно.

 

 

 

.