card

Г.МӨНХБАЯР: “БАЯРЛАЛАА, МАНАЙХААР ДАХИН ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ” ГЭЖ ХЭЛДЭГГҮЙ ЦОРЫН ГАНЦ БАЙГУУЛЛАГА

   


    Хурим хэдий хүн бүрт ойр ч хуримыг зохион байгуулна гэдэг манайд шинэ тутам хөгжиж буй салбар. Хуримын 18 төрлийн үйлчилгээ эрхэлдэг  31 байгууллага 2017 онд нэгдэж Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоог байгуулжээ. Тус холбооны Удирдах зөвлөлийн дарга, Брэнд Медиа Группийн Захирал Г. Мөнхбаяртай ярилцлаа.


Hurim.mn: Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо ямар зорилгоор анх байгуулагдсан бэ?

Г. Мөнхбаяр: Хуримын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаа дэмжье, мэдээллийг нээлттэй, эрх тэгш хүртээе,  хуримлагч хосууддаа бодит мэдээллийг цогцоор нь хүргэж үйлчилгээний чанараа сайжруулъя, цаашлаад  дэлхийн жишигт нийцсэн хуримын үйлчилгээг Монголд бий болгоё л гэж бид зорьж байгаа юм.

Hurim.mn: Яагаад таныг удирдах зөвлөлийн даргаараа томилсон юм бол оо?

Г. Мөнхбаяр: Таван жилийн өмнө Брэнд Медиа Группийг байгуулаад хуримын үйлчилгээний салбарт маш их зүйл хийх шаардлага, мөн маш олон боломж нээлттэй байгааг харсан. Энэ хугацаанд нийтдээ мянга орчим хурим зохион байгуулжээ. Тухай бүрт туршлагажиж өөрсдийгөө улам илүү хөгжүүлэх, байгууллагын үйлчилгээгээ илүү ахисан түвшинд хүргэх зорилгоор жил бүр олон улсын хуримын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож тухайн жилийн шинэ загварын чимэглэл, шинэ дэвшилтэт технологийг Монголдоо нэвтрүүлдэг. Хуримын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сан бүхий “Мөрөөдлөө биелүүл”  хуримын сэтгүүлийг жил бүр хэвлэн хосуудад үнэ төлбөргүй тараадаг. Гадаадаас хосуудыг авчирч Монголоор аялуулаад хуримын зураг, бичлэгийг нь хийж өгдөг үйлчилгээг анх нэвтрүүлсэн гээд Брэнд Медиа Групп бол хуримын үйлчилгээний салбарыг энэ зэрэгт хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан санаачлагч компани нь байсан учраас бусад ижил төрлийн мэргэжлийн байгууллагуудаа уриалан энэ холбоог санаачлан байгуулсан. Тийм дээ ч цаашдын хөгжлийн бодлого, алсын харааг маш сайн мэдэж байгаа гэж удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд энэ хүндтэй албыг хариуцуулж итгэл хүлээлэгсэн байхаа.

 

 

 

.

Hurim.mn: Мянган хурим гэдэг том тоо шүү. Өөр ямар шинэлэг санаа сэдэж байв? Жишээ сонирхуулаач.

Г. Мөнхбаяр: Хуримын үйлчилгээ үзүүлдэг шилдэг байгууллагуудаа уриалаад 2017 онд нэг хосын хуримыг үнэ төлбөргүй зохион байгуулж өгсөн маань их гоё дурсамжтай санагддаг. Маш их зүйлийг хийж бүтээх эрч хүч, урам зориг болсон.

Hurim.mn: Сайн үйлсийн аян хийжээ дээ?

Г. Мөнхбаяр: Сайн үйлсийн аян гэхээс илүү нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг ч гэсэн хосын амьдралд мартагдашгүй дурсамж бүтээж баярлуулъя гэсэн сэтгэл юм. Нэг удаа үнэ төлбөргүй үйлчлэх нь асуудал биш л дээ. Дуслыг хураавал далай гэж олон байгууллага дэмжиж оролцсоны хүчээр нийт 40 сая төгрөгийн үнэ бүхий хуримын үйлчилгээг байгууллагууд маань тухайн хосод бэлэг болгосон байдаг. Энэ үйл хэрэг хуримын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын үйлчилгээг олон нийтэд таниулж эерэг сурталчилгаа болж өгсөн. Эндээс үүдээд бид хамтарч холбоо байгуулах анхны сэдэл бий болсон л доо.


                       

     Хуримын сюрпризийн санаа гэвэл их л дээ. Байнга л шинэ санаа бодож явдаг. Санаанд орж ирж байгаа нь гэвэл Паркийн хиймэл нууранд усны түвшинтэй адил түвшинд тайз засаад усан дотор салют буудуулаад усанд хөвж байгаа мэтээр хосуудыг оруулж ирэх жишээтэй. Урьсан хамтлаг дуучин сэтгэл нь хөдөлж хоёр дуу дуулах байсан бол дөрвийг дуулах ч гэдэг юм уу. Жишээ нь, Камертон хамтлаг гурван дуу дуулах байснаа ойрд ийм тайзан дээр дуулсангүй гээд 5,6 дуу дуулж л байлаа.  Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байж хурим сайхан болдог учраас байнга л шинийг эрэлхийлдэг дээ.

Hurim.mn: Хуримыг хүмүүсийн сэтгэлд хүртэл зохион байгуулна гэдэг маш эрсдэлтэй санагдаж байна. Хүн бүрийн хүлээж авах сэтгэлзүй өөр. Тэр бүхэнд нийцүүлнэ гэдэг мэдээж амаргүй байх даа?

Г. Мөнхбаяр: Өнөөдөр хуримын зан үйл хэт орчин үежээд, эрлийзжээд байх шиг санагддаг. Бидний хувьд уламжлалт  зан үйлээ хэвээр нь хадгалж ирээдүй хойч үедээ зөвөөр таниулж, зөв гольдрилд нь оруулахыг эрмэлздэг учраас Монголынхоо сор болсон эрдэм мэдлэгтэй хүмүүсийг зөвлөхөөр урьж ажиллуулж байна.

Хурим гэдэг бол гал голомтоо бадрааж, ахан дүүсдээ түүнийгээ зарлаж буй уламжлалт зан үйлээс гадна хос хоёр бие биедээ насан туршийн мартагдашгүй дурсамж үлдээх онцгой тохиол. Тиймээс уламжлалыг алдагдуулахгүйгээр  орчин үетэй уяж, давтагдашгүй санаагаар мартагдашгүйгээр тэмдэглэж өгөхийг л хичээдэг. 

 

 

 

 

.

Hurim.mn: Тухайн гэр бүлийн удмыг залгаж цааш үргэлжлэх түүхийн дурсамжыг төлөвлөж, бүтээнэ гэхээр та бүхний ажил асар их хариуцлагатай байхнээ.

Г. Мөнхбаяр: Тийм ээ, энэ бол зүгээр нэг шоу биш. Дахин давтах боломжгүй. Бид тоглоод ярьдаг юм. Бүх байгууллага хэлж болдог хэрнээ манайх хэлж болдоггүй нэг үг байдаг. Энэ нь “Баярлалаа, манайхаар дахин үйлчлүүлээрэй” гэж хэлж болдоггүй. Тиймээс хариуцлагатай хандах хэрэгтэй. Гэхдээ хурим бол маш буянтай ажил. Жишээ нь, эртнээс төлөвлөсөн боловч яг хуримын өдөр болоход тэнгэр муухайрч, хүчтэй салхи, бороо хур гээд байгаль цаг агаарын эрсдэл байдаг. Хамгийн сайхан нь, юм гэдэг их учиртай санагддаг. Хосуудын буян заяа түшдэг юм болов уу, яг хурим эхлэхэд ямар ч өдөр байсан тэнгэр онгойгоод л нар гарах жишээтэй. Хэд хэдэн тийм тохиолдол гарч байсан. Ер нь бүх л хурим өөрийн гэсэн онцлогтой, дандаа сайхан болдог.

Hurim.mn: Танай мэргэжлийн багт хандсаны хамгийн том давуу талыг хэлж өгөөч?

Г. Мөнхбаяр: Хуримлагч хосууд өөрсдөө бүх юманд оролцоод байхаар дурсамж, мэдрэмж авсан юм байхгүй өөрсдөө зохион байгуулагч байсаар дуусдаг. Гэтэл бүгдийг бидэнд даатгаад амьдралд ганц л тохиох онцгой өдрийнхөө агшин бүрээс аз жаргалыг мэдрэх хэрэгтэй шүү дээ.

Hurim.mn: Хуримлахаар төлөвлөж буй хосуудад зөвлөөч. Энэ олон хуримыг зохион байгуулсны ар дээр тэдэнд хэлэх сургамж зөндөө байдаг байх даа.

Г. Мөнхбаяр: Миний хувьд бол олон жилийн өмнөөс төлөвлөх хэрэгтэй санагддаг. Хуримтлал үүсгэж, төлөвлөж тэмдэглэх ёстой. Тэгвэл санаа зовох зүйлгүй, бухимдахгүй. Яг л өөрийн хүсч мөрөөдөж байснаараа тэмдэглэж чадна шүү дээ. Мөн сонголтоо зөв хийх хэрэгтэй. Зун болмогц л хурим зохион байгуулах баахан олон компани гэнэт л гараад ирдэг. Тэгээд л нэг их гоё юм ярьдаг. Гэтэл чадах чадахгүйгээсээ болоод итгэл алдана. Гэнэт сураггүй алга болно. Хэн ч гоё сайхан зүйл ярьж чадна. Хамгийн гол нь хийсэн бүтээсэн туршлага шүү дээ. Тиймээс тогтвор суурьшилтай мэргэжлийн багт л хандах хэрэгтэй. Манай багийн ихэнх гишүүн урлагийн салбарынх учраас гоо зүйн мэдрэмж өндөртэй. Үргэлж л шинэ санаануудаар дүүрэн байдаг. Түүгээрээ ижил төрлийн бусад байгууллагуудаас илт ялгардаг даа.

Hurim.mn: Баярлалаа танд ажлын өндөр амжилт хүсье!