card

 

 

 

 

 

 

 

 

 

.

     ХУРИМЫН БӨГЖ

     Өнөөдөр зуны бүүдгэрхэн өдөр, цаанаа л сэтгэл гэгэлзээд нэг л тогтворгүй байна. Магадгүй хамгийн сайн найзаас минь хуримын урилга ирсэнтэй ч холбоотой байж магад. Ширээн дээр минь бүжиглэж байгаа хосын дугтуйтай хачин чамин урилга, нээгээд хармагц хаан бугуйвч, хатан сүйхтэй хуримын хос бөгжний зураг, сэтгэл догдлуулсан хуримын урилгын үг:  

Ховор эрдэнийн үнэтэй

Залуу сайхан нас

Хосоор амьдрах жамтай

Замбуу тивийн ёс

Урьсан бидний ураг батжиж

Уригдсан зочдын өлмий бат оршиг...

     Бид есөн настайгаасаа үерхэж, 20 жилийг ардаа үджээ. Түрүүлж хуримын урилга өгсөндөө бөгжийг нь авч өгнө гэсэн амлалт сэтгэлд зурсхийв. 12-хон настай гэнэн хонгор охидын амлалт... Хуримын бөгжийг юу гэж найз нь авч өгөх билээ дээ. Найз минь харин тэр амлалтыг мартсан бололтой, хуримын бөгжөө хэдийнээ захиалсан тухайгаа хөөрөн ярина.

     “Би хэзээ хуримын бөгж зүүх бол?!” гэсэн гуниглуун бодолтой зэрэгцэн, хаан бугуйвч, хатан сүйх хос бөгжний тухай мэдэхсэн гэх сониучирхал төрөв.

story-image


Яагаад ингэж нэрлэсэн юм бол? Ер нь ямар учиртай юм бол?

     Манай хуримын бөгж бусад орны хуримын бөгжнөөс маш содон хэлбэр хийц, гүн утга агуулгатай байдаг нь бахархам. Монгол үндсэний хээнээс санаа авч хийсэн хаан бугуйвч, хатан сүйх нь хос залуусыг үүрд хамт, бат бөх аз жаргалтай амьдрахыг билэгддэг.  Хуримын бөгжийг эрэгтэй хүн баруун гартаа зүүдэг нь чиний эрхэм хүндлэлд гэсэн утгатай бол, эмэгтэй хүн зүүн гартаа зүүдэг нь чиний зүрхэнд гэсэн утгыг илэрхийлдэг байна.  

     Утга агуулгын хувьд эрэгтэй бөгж  2 дугуй тойрогтой байдаг нь хоёр айлын тоонот гэрийн дундаас өөрийн гал голомтыг бадрааж буй айл гэрийн ноён нуруу гэдгийг нь тооноор бэлэгшээсэн. Хатан сүйх нь айл гэрийн ноён нуруу тооныг түшиж тулж явах хүн учраас баганаар бэлэгшээн урлажээ.


 

Судлаад үзэхээр үнэхээр сонин юмаа...

Гуниг ард хоцорч, цаанаа л баяр төрөөд ирлээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү... Өглөөхөн гуниглаж байсан хүн чинь өөрт ирэх учралаа хүлээж гэгэлзээд л... Хуримын бөгж зүүх хүсэл минь тун ойртож байгаа нь сэтгэлд мэдрэгдэж, цаанаасаа аз жаргалтай болж байгаа өөрийгөө шоолон ичингүйрч суусан би, найзынхаа хуриманд очих бэлтгэлээ хангахаар яаран бослоо...

Магадгүй багын найзынхаа хуриман дээр заяаны ханьтайгаа учрах ч юм бил үү?