card

ХУРИМ НАЙР ХИЙХЭД ТОХИРОМЖГҮЙ ЖИЛ, САР, ӨДӨР ГЭЖ БАЙХГҮЙ...


Монголчууд эрт үеэс өдрийн сайныг өнжин хүлээж сарын сайныг саатан хүлээж билэгт сайн өдрийг сонгож гал голомтоо бадрааж,  хурим найраа хийж айл гэр болдог уламжлалт ёс заншилтай ард түмэн билээ. Хурим хийхээр төлөвлөж буй хосууддаа хуримын өдрөө хэрхэн зөв сонгох талаар  мэдээлэл хүргэхээр Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, зурхайч Ж.Гончигсүрэнтэй уулзаж хурим хийхэд тохиромжтой жил өдрийн тухай тодрууллаа.


 


Сайн байна уу? Та сайхан зусаж байна уу? Энэ гахай жил урвуулагч хэмээх шороон гахай жил. Жилийн онцлог нь  муу зйүлийг ч сайнруу урвуулагч жил учир аливаа үйлд сайн гэж үзээд энэ жил хурим найраа хийж, гал голомтоо бадраахаар товлож байгаа хосууд олон байна. Ер нь хурим найр хийхэд ямар жил тохиромжтой байдаг вэ?

Сайн, сайн байцгаана уу? Ямарваа нэгэн үйлийг зөв өдөр, зөв цагт эхлүүлэх гэдэг цаашдын үйл хэрэгт их чухал ач холбогдолтой байдаг. Ялангуяа хурим найраа зөв өдрөө сонгож, зөв цагт хийснээр тухайн айлын цаашдын амьдрал шийдэгддэг гэж үзээд эртнээс манай Монголчууд энэ зан үйлд нарийн анхаарч ирсэн ард түмэн. Хурим найр хийхэд тохиромжгүй жил, сар, өдөр гэж байхгүй. Харин хуримлагч хосын төрсөн жил, мэнгэнээс улбаалаад тухайн хосын хуримлахад тохиромжтой өдрийг сонгодог. Айл гэр болж, хурим найраа хийхэд анхаарах зүйл цөөнгүй бий. Хамгийн гол анхаарах зүйл бол тухайн өдрийн сайн цагийг сонгох. Мөн жил өдөртэйгээ зохицох шүтэн барилдлагыг сайн харах хэрэгтэй. Тэгэхээр хурим найр хийхэд тохиромжгүй жил, сар өдөр гэж байхгүй. Тухайн өдрийн шүтэн барилдлагаа болоод сайн цагаа зөв сонгоод, өсөж төрсөн нутаг, өвөг дээдсийнхээ зан заншлыг дагаад хурим найраа хийхэд болно.

Хуримын өдрөө сонгоход хамгийн гол нь сайн цаг, шүтэн барилдлага чухал гэж та хэллээ. Хосууд сайн цаг өдрийг хэрхэн сонгох вэ?

Арван ухаанд мэргэшсэн учир шалтгааныг сайн мэдэх, хүнээс асууж ямар жил өдрийн ямар цагт гал голомтоо эхэлж бадраах уу? гэдгээ тодруулах хэрэгтэй. Ээж аавууд үр хүүхдийнхээ өмнөөс ирж их асуудаг.  Угтаа бол залуучууд өөрийн биеэр ирж уулзаад учир шалтгааныг мэдэж цагаа сонгоод сайн цагтаа багтаах нь их чухал.

Арван ухаанд мэргэшсэн хүн гэдэг нь ямар хүн бэ?

Зурхайн ухаанд Гавж, Гэвш хүнийг арван ухаанд мэргэшсэн, эрдэм төгс хүн гэж үздэг.

Амьдралаа холбож айл гэр болж байгаа хосууд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Анх нэгнээ сонгохдоо удам судрыг нь сайн судалж, хоёр биенээ таньж байж амьдран суух шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хорвоог хамтдаа туулах хүнээ сонгоход олон зүйлийг нь харж байж зөв хүнээ сонгоно. Манай өвөг дээдэс үр хүүхэддээ ханийг нь сонгохдоо удам судар, төрсөн махбодь, жил, мэнгэ гээд олон зүйлийг хардаг уламжлал байсан. Одоо энэ алдагдаад байна. Анх сонголтоо хийж гэр бүл болж үр хүүхэд төрүүлээгүй байхдаа энэ талаар судлаагүй байж амьдралын жамаар жаргал зовлон ээлжлээд эхлэхээр бид хоёр тохирох хүн биш байна гээд салдаг нь тун буруу. Нэгэнт гэр бүл болоод хамтын амьдралаа эхлүүлсэн бол айл гэрийг бүрэн бүтэн байлгах тал дээр хоёулаа анхааран хичээх хэрэгтэй. Заслаа хийлгэж байх нь чухал. Ивээл жилтэй л бол сайн гэж бодоод байдаг. Ивээл жилийн засал гэж байдгийг мэддэг хүн ховор.

Хурим найраа хийж байгаа хосуудын анхаарах, зайлшгүй хийх ёстой зан заншлаас нэрлээч та?

Нутаг нутгийн уламжлалт зан заншил өөр өөр. Бие биенээ дагаад зүгээр нэг гал асаагаад, цагаан замын ёслол гүйцэтгэснээрээ хуримын зан үйлийг төгс гүйцэтгэлээ гэж ойлгож болохгүй. Хосууд өвөг дээдсээс уламжилж ирсэн зан заншлаа дагаж гүйцэтгэхээс гадна ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Мөн гэрлэж байгаа хос хуримынхаа өдөр аав ээж, ахмад настан, анд нөхдийнхөө өмнө бүхий л үед нэгнээ түшиж хамтдаа хорвоог туулна гэж тангаргаа өргөдөг. Энэ маш чухал. Алдаагүй хүн гэж энэ хорвоод байдаггүй. Хамгийн гол нь алдаагаа давтахгүй байх л ухаант хүний шинж. Одоо манай залуучууд тэвчээргүй болсон байна. Хамтын амьдрал гэдэг маш их тэвчээр, ухааныг  шаардана.  Айл гэр болж амьдрахад нэгнээ хүндэтгэх, гэр бүлийн харилцаанд эе эвийг эрхэмлэх хэрэгтэй.

Бидний урилгыг хүлээн авч, хосуудад хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Танай хамт олонд баярлалаа. Залуу хосуудад хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө, ёс уламжлалыг түгэн дэлгэрүүлж байгаарай.


ХҮНИЙ АМЬДРАЛД ТОХИОЛДОХ ТОМООХОН БАЯРУУДЫН НЭГ, АМЬДРАЛД ГАНЦ Л ТОХИОХ ХУРИМЫН ӨДРӨӨ ЗӨВ СОНГОЖ АЗ ЖАРГАЛТАЙ САЙХАН АМЬДРААРАЙ ХОСУУДАА !