card

Намрын арван долоон учрал...

Харцаа шидэлж өнгөрөх сор болсон өндөр сайхан харчуулыг тоож ч харалгүй зөрдөг залуухан, халуухан нас аль хэдийн бараа тасарч би гурвын тооны эрэн үе рүү үсрэн орлоо. Хорин насанд гуч гэдэг хаа хол байгаа юм шиг санагддаг. Гэтэл хол зүйл ойртож, ойр зүйл холдох цаг хүний амьдралд заавал ирэх юм...Гэвч надад намарт уулзаж амжуулах ёстой учралууд дүүрэн байна. Тэгээд ч гучин нас ч бай, дөч ч бай бүгд л . Одоо бол хэн ч бүр хэн ч миний зүрхийг шархлуулж бас өөртөө намайг ухаангүй болтлоо дурлуулж чадахгүй.

        Яагаад вэ гэж үү? Би чинь гуч гарсан бүсгүй шүү дээ! Гучин нас гартал амьдрал надаас арван долоон учралаар, арван долоон хайраар шалгалт авсан. Жил бүрийн намар... Би хайр дурлалтай учирдаг. Намар намрын навчис бужигнуулж, сэтгэл татсан сайхан залуусын учиртай инээмсэглэл цаанаа л нэг учигтай...

1. “Чи, уруул зайрмаг шиг? Биш ээ, нөгөө юу шиг!” 

         Ердөө л уруулд минь уруулаа хүргээд авсан... Төсөөлж байна уу? Арван таван насандаа анхныхаа болзоот залуугаас үнсэлт авчихаад сандарч ичсэндээ зугтах шахсан. Миний болзсон залуу арван найман настай, өндөр, тас хар үстэй, эргэлдсэн алаг нүдтэй. Хөөрхөн сонсогдож байгаа биз. Магадгүй анхны шохоорхол байсан учраас мартагддаггүй биз. Үлгэр сайхан л төгсдөг гэж боддог байсан бяцхан охинд хөвгүүд ямар хатуу тоглоомтой болохыг мэдрүүлсэн анхны учралаа гэж... Бяцхан охин эхлээд өөрөө өөрийгөө хайрлах ёстойг ойлгож мэдсэн дээ.

2. “Шилжиж ирсэн охин гэлүү? Би бол Болдоо, ангийн дарга.” 

           ...гэж хэлээд сайхан инээсэн боровтор үстэй ангийн дарга буюу манлайлагч хөвгүүнд харцаа унагасан үе. Төгсөх жил гэр маань нүүх болж шинэ байр, шинэ сургууль, шинэ найзуудтай болсноор ахиад л жолоогүй мэт дүүлж эхэлсэн арван зургаан нас. Нэр хүндтэй, цэвэрч боловсон залууд охид дурлахгүй байж чаддаггүйгээс хойш нууцхан сэтгэлдээ үерхэл мөрөөдсөөр л байсан. Санаа байлаа ч зориг хүрэлгүй бусдад алдсан хичээлийн шинэ жилийн хонх жингэнэх чимээтэй намрын нэгэн учрал. Энэ үед би эмэгтэй хүн илүү хүчтэй байхын тулд ухаантай болох ёстойг ойлгосон.

3. “Зусланд чамайг анх харж байсан. Намайг санаж байна уу?” 

          Мэдээж би түүнийг зуслан дээр нэг ч биш нэлээн хэдэн удаа харж байсан. Яг намар эхлэхийн өмнөх долоо хоногт түүнтэй таарсан юм. Нэг л мэдэхэд хөтлөлцөж, тэврэлдэж тэгээд үнсэлцсэн тэрнээс өөр зүйл хийх нас ч биш байлаа. Бид чинь дөнгөж л арван естэй байсан. Гэхдээ эцэст нь бидний хайр нөхөрлөл шиг л энгийн болж гэнэтхэн таарсан учрал гэнэт л салаад одсон. Хачин юм шүү, би өөрийгөө тэр хүүд дурласан л гэж бодож байлаа... Хайр шохоорхлын аль нь болохыг таньж мэднэ гэдэг бас нэгэн даваа аж.

4. “Жинхэнээсээ би чамд хайртай, бүр өөрөөсөө ч илүү хайртай”

            Их л амархан амнаас нь энэ үг гарч байсныг бодоход тэр залуу үнэхээр л хөнгөн дэвүүр шиг нэгэн байж. Их сургуульд орсон эхний жил дээд ангийн ах нараас өдөж хоргоох нь олон. Энэ намрын учрал надад бүтэн нэг жилийг утга учиргүйгээр яаж өнгөрүүлж болохыг бүрэн ойлгуулсан. Би муу охин болсон гэсэн үг. Гэхдээ ямар ч секс байгаагүй шүү. Тамхи татаж, архи ууж, гэрээсээ гадуур хонож, шартаж, хууль бус газраар түүнтэй хамтдаа үйлчлүүлж үзсэн. Гол нь надад огтхон ч таалагдаагүй. Угаасаа л миний явах зам биш байсан. Эргүүтсэн ухна шиг дэмий тэнэн зорилго чиглэлгүй байх нь биед амар ч гэлээ нэг л мэдэхэд хог болчихдог. Тэр хайр намайг анх удаа хүчтэй өвтгөж, ганцаардуулж бас миний доторх бүх л муу муухай бүхнийг гаргасан. Миний анхны хайр гэж хэзээ ч хэлэхгүй. Харин анхны үзэн ядалт бол мөн. Би түүнд үнэ цэнэгүй зүгээр л нэг ашиг сонирхол төдий байсан. Энэ учрал надад зөв хүрээлэл бий болгохын тулд зөв хүмүүсээ сонгох ёстойг зааж өгсөн.

5. “Гараа сайн атга...”

         Үүний дараа би өөрийгөө зав чөлөөгүй, хөдөлгөөнтэй байлгахын тулд сургалт, секцэнд их явдаг байлаа. Өмнөх алдаагаа засах хэрэгтэй байсан юм. Хүн бүр л алддаг шүү дээ, хамгийн гол нь түүнийг засахаа л мартаж болохгүй. Тэр өдрүүдэд минь гэрэл болсон энэ залуугийн тухай би ярих дуртай. Боксын ширэн бээлийнд гарын арьс нь идэгдэж цэврүүтсэн намайг тайвшруулж хэлсэн үг нь “Гараа сайн атга!”. Хэдий гаранд минь зориулагдсан зөвлөгөө ч гэлээ сэтгэлд илүү хүрсэн. Надтай таарсан хамгийн сайхан учрал. Бидний яриа, нөхөрлөл, инээд гээд бүгд сайхан. Гэхдээ тэр “хүнийх”. Анхнаасаа л надад найзын хувиар хандаж байсан юм. Харин би л өөрт нь илүү ихээр шунасан. Гайхалтай нь тэр өөрийнхөө бүсгүйг илүүд үзнэ гэж хэлээд салахдаа өөртөө дэндүү итгэлтэй алхаж одсон доо. Жинхэнэ эр хүн байдаг. Бас хүн өөрийнхөө сонголтонд итгэл дүүрэн байх ёстой. Хайр бол итгэл.

6. “Чи буруутай!”

Чинээлэг айлын эрхийн тэнэг хүүд тал зассан биш би түүний гэрийн үйлчлэгч болох шахаж билээ. Намрын жихүүн өдөр кафед сууж байхад минь ирж өдсөөр байгаад утасны дугаарыг минь авсан юм. Тэгээд дотносож амжаа ч үгүй байж намайг эцэг эхтэйгээ танилцахыг, гэртээ аваачиж хамт хонохыг шаардлаа. Харин би “Үгүй” гэж хэлснийхээ төлөө “Дугаараа чи л өөрөө өгсөн. Дараа нь чи дуртай нь аргагүй уулзсан. Чиний л буруу!” гэж түүнд загнуулав. Үнэндээ надад таалагдсан учраас би дугаараа өгсөн. Тэгэхээр яах аргагүй миний буруу. Огт мэдэхгүй хүнд өөрийнхөө орон зайд халдах эрхийг бүү өгч бай. Амь насанд ч халтай байж мэднэ шүү!

7. “Амьдралд тавтай морил” 

         21 насандаа би аав ээжийнхээсээ гарч хажуу өрөө түрээслэн амьдрахаар боллоо. Байрны эзэн залуутай сээтэгнэхийнхээ хажуугаар доод курсынхаа залуутай үерхдэг байсан. Хачирхалтай нь аль аль нь удаан үргэлжлээгүй. Байрны эзэн өдөр бүр гэртээ шинэ хүүхэнтэй, бацаан шахуу найз залуу маань харин арван жилийн охидтой. Тэгээд л би тэднийг мартаж амьдралд хөл тавин өөрийгөө тэжээхийн тулд ажил хийж эхэлсэн. Бас төгсөх дөхөх тусам үүрэг хариуцлага өндөрсөнө. Нэг л өдөр өнөөх олон романс чинь намрын салхины аясаар л алга болсон доо. Эндээс бол би их юм сураагүй. Зүгээр л тайван байж үйлдэл бүртээ ухаан зардаг том хүн болсон.

8. “Үнэхээр анхных гэж үү?” 

Миний анхны шөнө бүдэгхэн гэрэлтэй, их сургуулийн дипломтой, ажлын анхны гараатай хамт ирсэн. Энэ миний анхны хайр. Намар эхлэхэд бүх зүйл сайхан эхэлсэн, харин дуусах үед... Одоо хүртэл намайг энхрийлэн байж дуу алдан хэлсэн “Үнэхээр анхных гэж үү?” гэсэн асуулт л чихэнд тод сонсогдоно. Бидэнд гал шиг ассан хайр байсан ч хамгаалж үлдэх зориг байгаагүй. Нэг нэгнээ энхрийлж, хүсэж, шунаж тачаадах атлаа хайрлаж, халамжилж, ойлгох ухаан байсангүй. Залуу насанд хүн тэнэг омголон байхаас биш зөв бурууг бодох тархигүй байх юм. Би зүсэндээ, залуу насандаа, их зандаа бардаж түүнийг голсон. Харин одоо тэр хол дээгүүрт заларч гэргий нь гүнж шиг л энхрийлүүлдэг юм билээ. Аргагүй, ухаантай эмэгтэйг жаргааж чадах сайхан эр. Миний анхны хайр бүхнээс дулаахан байсныг, миний анхны шөнө бүдэгхэн гэрэлтэй байсныг л санаж байна. Хайрлах гэдэг их зориг бас тэвчээр байдаг. Дааж чадах хүн л хайрлуулж чаддаг.

9. “Ажлын байрны бэлгийн дарамт” 

         Чиний бодож байгаа зүйл биш шүү! Ажлын ширээн дээр тасралтгүй зурвас, сарнайтай үлдээдэг залуу намайг бэлгээр дарамталдаг байлаа. Эхэндээ сайхан байсан ч эзнийг нь мэдээд шууд л зугтаасан. Өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиож байсан сурагтай. Өнгөрсөнд гаргасан алдаа минь намайг илүү ухаантай байх ёстойг сануулж байсан учраас бэлгийн дарамтанд ороогүй юм. Хорин нас даваад ирэхээр эмэгтэй хүн илүү байр суурьтай болж хамгийн түрүүнд алдаагаа эргэн санадаг юм билээ. Зөн совин чинь буруу л гэж хэлж байгаа бол амьдралаа дэнчин тавьж азаа бүү үз!

10. “Нэг шөнийн жаргал” 

         Нэг л шөнө. Намрын л нэг шөнө түүний дэргэд дэрийг нь дэрлэж энгэрт нь шигдсэн. Нэг л удаа уруулаас нь усан үзмийн дарс шимж ухаанаа алдах шахан мансуурч хоносон. Хүний хүн байгаагүй ээ! Хэтэрхий эрх чөлөөтэй, дураараа бүргэд байсан юм. Далавчин дор нь салхинд намирч эрх чөлөөг л багахан мэдэрсэн төдий. Анхны хайраасаа өөр хүний өвөрт хэвтэх зориггүй явсан ч аргагүй хүсэл шуналаа дагадаг юм билээ. Тэр шөнө зүгээр л миний сэтгэлийн нар багахан мандаж зүрхний гэмшил хэсэгхэн замхарсан. Өөр юу ч битгий асуу. Алдаа биш. Нэг л шөнө. Амьдралд мөнхийн зүйл гэж хаа ч үгүй!

11. “Би хатуу чанд зарчимч хүн” 

         Ингэж өөрийгөө тодорхойлох гэж хичээсэн ч үнэн төрхөндөө огт өөр нэгэн. Их зөөлөн хүн. Хөөсөн чихэр шиг зөөлхөн сэтгэлтэй. Хэд хэдэн удаа хоолонд урьж гар барьсан мөртлөө нэг ч удаа намайг өдөж хоргоож чадаагүй. Гэхдээ нэг л биш. Өөрөө өөрийгөө олоогүй бол өөр төөрсөн нэгэнтэй бүү зууралд. Хамтдаа л төөрөх болно гэдгийг би ойлгосон. Энэ их чухал зүйл шүү!

12. “Үл ойлгогдох” 

         Бид нэг нэгнээ сайн мэднэ. Сайн ч ойлгоно. Нас ойролцоо, эхнэргүй, авхаалжтай, ухаантай залуу. Гэхдээ хамт сууж дарс шимэх, хааяадаа шар айраг тулгах, амьдрал ярих, худлаа мессеж бичилцэн, нэгнээ өдөхөөс цааш гардаггүй. Одоо ч тэр хэвээрээ. Бурхан минь бид хоёр тасралтгүй найман жилийн турш, намар, намарт л энэ хэв маягаар уулзаж байна. Нэг л өдөр хэн нэгнийхээ хуриманд уригдаж магадгүй шүү! Зүрхнээс гараагүй шийдвэрийг тархинаас гаргах гэж бүү хүчил. Угаасаа бүтэхгүй.

13. “Намрын бороог халхалсан шүхэр” 

         Энэ шүхэр намайг намрын хүйтэн усан борооноос халхалж бүтэн цаг зогссон. Нэг нэгнээ танихгүй ч гэлээ тэр үед нэг л өөр мэдрэмж биднийг танил хүмүүс шиг л болгосон. Ер нь тэр үед л би анх удаа зүрхээ чагнаад тархиа зөнд нь хаясан юм. Их юм бодоогүй. Залууг мэдэх гэж бус мэдрэх гэж оролдсон. Намайг унаанд суух үед шүхрээ эвхэж гарт бариулаад “Болгоомжтой яваарай” гэснээс өөр зүйл хэлээгүй. Дахин таарах гэж би хүлээдэг. Гуч гарчихаад хэнийг хүлээдэг юм гэж хүмүүс зэмлэх биз. Шүхэрний эзнийг... Хүн өөрөө өөрийгөө хэзээ ч хуурч чадахгүй. Сэтгэл хэнээс ч асуулгүй, хэнтэй ч зөвлөлдөлгүй хүлээгээд байдаг юм.

14. “Би чамд сайн байлаа” 

          Арван жилийн уулзалтын дараа өнөөх миний “харж явсан” ангийн дарга Болдоо надад хайраа илчилсэн. “Би чамд сайн байлаа” гэж. Арай ч дээ, эхнэртэй хоёр гурван хүүхэдтэй болсон хойноо надад хэлж байдаг. Тэгсэн нөгөөх нь шүхэртэй залуу мөрөөдөөд хүлээж байдаг. Таарсан хоёр. Үүнийг нь сонсоод ерөөсөө ч догдлоогүй, харамсаа ч үгүй. Зарим юм зүгээр л сайхан дурсамж хэвээрээ үлдэх нь илүү дээр. Үнэ цэнээ алдаагүй гэгээлэг сайхан дурсамж чинь л байя.

15. “Ээжийн залуу” 

         Нөхөрт гарахгүй байгаа хөгшин охиноо ээж маань нэг найзынхаа хүүтэй танилцууллаа. Тэгш ярайсан цагаан шүдтэй, өөгүй сайхан залуу байна. Хэтэрхий гял цал юм. Албан тушаалд дуртай, магтаал сайшаалд инээмтгий, хэтэрхий холын яриатай, үнэн худал нь зөрөөстэй, харц тогтохгүй гүйгээстэй. Ингээд л боллоо. Хүн тавхан үгнээс л тараа таниулж, тавин минутанд л дүрээ харуулдаг юм.

16. “Аавын залуу” 

         Харин дараа нь аавын дайралт эхэлсэн. Гуч хүрсэн болохоор санаа чинь хол явчихаад л хүн шинжиж, өөлж, гоочилж яваа биз, дөчтэй хүнтэй суу гэж тушаасан. Мэдээж би дөчин настай “Уба”-тай уулзаад нэг үзсэн л дээ. Тэгээд ч аав тушаасан л бол манай гэрт хэн ч зөрчих боломжгүй. Үг дуугүй дагана. Гэхдээ муу аав маань эрхийн тэнэг охиндоо хэзээ ч хатуурхаж үзээгүй юм шүү. Намайг л гэж амьдарсаар насаа барсан хүн. Миний шүтээн байхгүй юу! Харин дөчтэй ах бол надад арай л ахадсан. Аавын доод ангийн дүү гэсэн байх шүү. Яагаад ч үгүй. Дурлалд нас буруугүй байж болно. Харин дурлаагүй байгаа хүнд нас бол том шалтгаан. Өсвөр насанд дээд ангийн ах нар “стар” шиг харагддаг бол гучин насанд “залаад тавьсан бурхан” шиг харагддаг юм. Наргиа ч гэлээ үнэн шүү. Оюутан цагт дүүмэд залуусыг “нялх ногоо” гэж голдог байсан бол гучин насанд тэд “шим шүүстэй эмийн ургамал” шиг л санагддаг. Ингээд бодохоор би гэдэг хүн хөгширчээ. Намар намарт яг л шарласан навч унахтай ингээд таарчихаад байх юм. Ахиад нэг л удаа солиортлоо дурлаж, галзууртлаа хүсэж, хэн нэгэнтэй өглөө бүр нэг оронд босч, өдөр бүр хамтдаа залхуурч орондоо шигдэж энгэрт нь эрхэлж хэвтэх юмсан. Эргээд бодоход анхны хайраас минь өөр санагдах хүн алга. Хүн гэдэг алдахаас нааш юутай байснаа ухаардаггүй сармагчин аж.

17. “ . . .” 

Энэ намар цас орохоос өмнөхөн сүүлчийн бороо асгарсаныг санаж байна уу? “Би шүхрээ авч болох болов уу?” гэж нэг залуу надаас асуусан. Харин энэ учрал надад юу заахыг бас юунд сургахыг би мэдэхгүй. Гэхдээ энэ удаа би хайрлахыг сурмаар байна.