card

ХУРИМЫН УРИЛГА...хайрын өгүүллэг

Баясах гивлүүрийг минь сөхөөд, төгөлдөр хуурын торгон товчлуур дээр дураар бүжигч хуруунуудаараа хоёр хацрыг минь зөөлөн илээд, духаа духанд минь ойртуулах агшинд хоёр нүдэнд нь дүүрэн нулимс мэлмэлзэж байв.

        ХУРИМЫН УРИЛГА...хайрын өгүүллэг /part4/

          Даахын аргагүй хүнд бодлуудаасаа болоод хэтэрхий хүндэрчихсэн зовхио арайхийн өргөөд л хамгийн түрүүнд олж харсан зүйл минь гэвч дахиад л намайг цочирдуулав. Цочирдсондоо нүдээ тас аничихлаа. Нүдээ гэнэт анисанаас болоод урт даашинзныхаа хормой дээр гишгэж, түүндээ тээглээд эгээтэй л урагшаа годройтчихсонгүй. Мунтар гуай гараас минь сайн барьж байсан тулдаа тогтоон барьж амжив. Сандарснаасаа болоод нүдээ жирийн үеийнхээсээ ч том нээж, өмнөх зам болоод эргэн тойрон дахь зочдыг сайтар харлаа. Шар хилэн угалзтай, цав цагаан хослолтой Баясах өнөөх л өөртөө хэтэрхий итгэлтэй байдлаараа өөдөөс минь алхаж явна. Түүний энэ байдлыг хараад би ч бас зориг ороод л шулуухан алхчихмаар санагдлаа. Гэвч... гэвч түүний зорьж яваа хүн нь би биш шүү дээ... гэсэн бодол сэтгэлд харвахын зуурт хоёр хөл ч урагш гишгэх зориггүй болчих нь тэр. Дахиад л нүдээ тас аниад, энэ бүхнээс өөрийгөө чөлөөлөөд, мөрөөдлийнхөө ертөнц рүү жигүүр дэлгэн нисмээр санагдлаа. Нүдээ аниад, эрх дураараа халин дүүлэхэд минь саад болох юу ч үгүй тэнүүн уудам хөх тэнгэрийг төсөөлөх гэж хичээв. Төсөөллийн минь толинд миний эрх чөлөөт хөх тэнгэр тодрохын агшинд би томоо гэгчийн цэнхэр далавчаа дэлгээд нисэхээр завдлаа. Далавчаа дэлгээд, яг газраас хөндийрдөгийн даваан дээр хэн нэгэн далавчнаас минь зуураад авах нь тэр. Тэвдсэндээ нүдээ нээгээд, бодит ахуйдаа эргэн ирлээ. Эрх чөлөөнд минь аймшиггүйгээр халдаж зүрхэлсэн мөнөөх увайгүй нэгний зүгт хорсолтойгоор харлаа. Том гэгчийн алаг нүдээ бага зэрэг онийлгон, зузаан боловч хэлбэрлэг уруулаа жимийлгэн үл мэдэг инээвхийлэх тэр залуу гэвч миний хорсол занал дүүрэн харцыг төдхөнөө зөөлрүүлж орхих нь тэр. Дахиад л юу ч хэлж, ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүйгээр түүнийг сугадаад л урагш алхлаа. Яг тэр агшинд эргэн тойрон дахь хүмүүс сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж, чухам ямар хөгжим бидний алхааны хэмнэлд чимэг болон эгшиглэж байсныг ч анзаарсангүй. Нэг л мэдэх нь ээ, бид хуримын ёслолыг удирдаж буй хөтлөгч залуугийн өмнө ирээд зогсчихсон байлаа. -Мунтар овогтой Баясах та... гээд хөтлөгчийг үгээ үргэлжлүүлж амжаагүй байтал ард хаалга онгойх чимээ гарав.

         Танхим дүүрэн эгшиглэх хөгжим, шуугилдах олноос өөрийгөө бүрэн чөлөөлчихсөн зогсож байсан надад тэр багахан чимээ хэтэрхий тод бөгөөд түгшүүртэй сонсогдов. Саяхан л алга нижигэнүүлээд, инээлдэж шуугилдаад байсан зочид ч нам гүм болчих нь тэр. Бүгд цаашид өрнөх үйл явдлыг амьсгаа даран хүлээгээд байх мэт. Харин миний амьсгаа бүр эсрэгээрээ ойж буун тонгочоод, хэдэн арван километр гүйгээд ирчихсэн мэт тогтворгүйтээд эхлэх нь тэр. Дахиад л бодит үнэнтэй нүүр тулахгүйн тулд би эргэж харж ч зүрхлэхгүй байлаа. Тэгтэл хөтлөгч хоолойгоо засаад ямар нэгэн зүйл хэлэхээр завдав. Түүний хэлэх үгийг төсөөлөхөд ч хэцүү. Тэр хэцүүтэй нүүр тулахгүйн тулд бушуухан л гараад гүйчихмээр санагдав. Тэгэхтэй зэрэг “ганц ч секунд алгуурлаж болохгүй” гэж өөртөө шивнээд, огцом эргэлээ. Гэвч Баясах гараас минь чанга атгачихаад тавьсангүй. Гараа хэдэнтээ угзчин татаад хүчрээгүйдээ шаралхан, нүдээ гурвалжлуулан, уруулаа татвалзуулсаар түүний нүд рүү эгцлэн ширтлээ. Тэр юу ч болоогүй мэт нүдээрээ инээмсэглэн, гараас минь татаж, өөртөө ойртуулаад: -Чимээгүй... Хөтлөгч үг хэлэх гээд байна гэж шивнэв. Түүний үгэнд ороод хөтлөгч рүү харан, тушаал авсан цэрэг шиг л томоотой зогссон боловч “Сүйт бүсгүй хэзээ, хаанаас гарч ирээд намайг эсвэл Баясахыг үсдээд авах бол...?” гэсэн бодол намайг эгшин ч амраахгүй байсан учир хөтлөгчийн хэлсэн үгсийг ч анзаарсангүй. Хөтлөгчийн ам хий ангалзаад л, ганц өгүүлбэр хэлмэгцээ л Баясах бид хоёр руу ээлжлэн ширтэж, хуурамчаар инээмсэглээд л байлаа. Энэ бүхнээс өөрийгөө аврахын тулд юу хийх ёстой талаараа эргэцүүлэх гэтэл анхаарал ч төвлөрдөггүй. Тиймээс нүдээ хэсэгхэн аньж, өөрийгөө тайвшруулаад бушуухан Баясахын гараас мултраад л хар хурдаараа гүйн зугтахаар шийдэв. Нүдээ алгуурхан анилаа. Тэгтэл Баясах тохойгоороо хэдэнтээ зөөлөн ёврох шиг болов. Анзаарахгүй байгаа мэт дүр эсгэн, хэсэг бодолхийлээд нүдээ огцом нээмэгцээ гараа угз татаад аваад л зугтахаар төлөвлөлөө. Төлөвлөж төлөвлөж байгаад л нүдээ нээтэл танхим дүүрэн уянгалаг хөгжим эгшиглээд явчих нь тэр. Тэр хөгжмийн аянд сатаараад төлөвлөгөөгөө ч мартчихав. Тэгтэл хөтлөгч залуу нүд рүү минь харан инээмсэглээд: -Сүхбаатар овогтой Долгормаа та Мунтар овогтой Баясахыг эр нөхрөө болгож зовлон шаналал, аз жаргал, баяр гунигийн аль нь ч тохиолдсон үхэл та хоёрыг салгах хүртэл хамт байна гэдгээ тангараглаж байна уу? гэж асуух нь тэр. Сонссон зүйлдээ итгэж ядан: -Юу? Хэн... хэнийг гэнэ ээ? гэж дуулдах төдий лавлан асуулаа. Хөтлөгч залуу миний энэ байдлыг төвөгшөөж байгаа нь илт байсан боловч өөрийгөө хүчлэн инээмсэглээд мөнөөх л үгээ давтан асуулаа. Энэ үгний үнэн эсэхийг асуухаар Баясах руу харвал тэр өөртөө итгэлтэй өнөөх л зангаа хадгалан, үл мэдэг инээмсэглэн толгой дохив. Хоёр талд эгнэн зогссон хуримын гэрчүүд рүү ээлжлэн харж, харцаараа асуувал тэд ч мөн тун итгэлтэйгээр инээмсэглэж байлаа.

         Гэвч толгой сэгсрэх нэг ч хүн энэ танхимд үгүй гэдгийг баттай мэдэх хэрэгтэй. Толгой болоод биеэ алгуурхан эргүүлэн, танхимд цугласан олны царайг нэгбүрчлэн ажлаа. Тэд бүгдээрээ надаас хариу хүлээн, амьсгаа дарж зогсох аж. Тэр бүх уярмаар зөөлөн харцны дундаас намайг хамгийн эрс шийдэмгийгээр эсэргүүцэх үл таних сүйт бүсгүйг хайгаад олсонгүй. Эцэст нь, хамгийн нүүрний эгнээнд Баясахын аав, ээж хоёртой зэрэгцэн суугаад хүрэн хамбан дээлийнхээ ханцуйгаар нулимсаа арчих аавыгаа олж харлаа. Аав минь нүдээ хэдэнтээ нухалснаа над руу эгцлэн ширтээд зөөлөн инээмсэглэв. Тэр харцыг олж хармагц л: -Тийм ээ, тангараглаж байна гэсэн үг амнаас минь өөрөө л гарчих нь тэр. Баясах гивлүүрийг минь сөхөөд, төгөлдөр хуурын торгон товчлуур дээр дураар бүжигч хуруунуудаараа хоёр хацрыг минь зөөлөн илээд, духаа духанд минь ойртуулах агшинд хоёр нүдэнд нь дүүрэн нулимс мэлмэлзэж байв. Яг энэ агшинд... яг л энэ агшинд хязгааргүй уудам огторгуйг эзэгнэнхэн дүүлэгч эрх чөлөөт шувуухай би тэр хоёр том нүдний аяган дахь нулимсан нууранд насан туршдаа үдлэхээр шийдлээ. Тийм ээ, үхэл биднийг салгах хүртэл...                                                                                                                                    

Ц.БАТТУЯА: ХУРИМЫН УРИЛГА...хайрын өгүүллэгийг шимтэн уншсан та бүхэндээ баярлалаа.