card

ХУРИМЫН УРИЛГА...хайрын өгүүллэг

Гараас минь тавих шинж огт үгүйг мэдмэгцээ би ч алхаагаа хурдасган, түүнтэй зэрэгцэн алхлаа. Бид ёслол болох танхимаас гарч нарийхан урт коридороор амьсгаа дээгүүр алхсаар мухрын өрөөнд оров.

     ХУРИМЫН УРИЛГА...хайрын өгүүллэг /part3/

          Баясах намайг сүйт бүсгүйтэйгээ танилцуулахаар хэд хэдэн удаа цаг товлон болзсон боловч бид яаж ийж байгаад л зөрөлдчихөөд байв. Ингээд л түүний сүйт бүсгүйтэй уулзаж амжаагүй байтал хуримын өдөр болчих нь тэр. Аав маань “Баясахынхаа хуриманд заавал очно” гэж зөрүүдэлсээр дүүг дагуулаад надтай хамт очив. Хүүгийнхээ хуриманд оролцох гэж байгаа аятай л догдолж байгааг нь хараад сэтгэл багахан тавгүйрхсэн ч тэгсгээд л мартаж орхив. Баясах хуримаа миний төсөөлж байснаас цомхон хүрээнд зохион байгуулж байгаа аж. Зочдын дунд миний таньдаг хүмүүс цөөнгүй байсан учир хуримын ёслол эхлэхээс өмнө тэдэнтэй уулзаж мэнд мэдэхээр шийдэн, хувцасаа сольж өмсмөгцөө л гол танхим руу зүглэлээ. Танхимд ормогцоо юун түрүүнд Баясахын аав, ээж хоёрын мэндийг мэдэхээр тэднийг чиглэн алхав. Багаасаа л тэднийхээр орж гарч өссөн ч хүүтэй нь үерхэж эхэлснийхээ дараа би тэдэнтэй уулзахаас бага зэрэг ичингүйрч эмээдэг болчихсон байж билээ. Харин энэ удаа эгээ л төрсөн аав, ээж хоёртоо духаа үнэрлүүлэх гэж байгаа мэт яаран тэмүүлэх нь хачирхалтай ч юм шиг. Садангийнх нь голдуу хүмүүс тэднийг бүгчихээд, зогсоо зайгүй гар барьж, баяр хүргээд байсан учир надад боломж олдохгүй байсаар багагүй хугацаа өнгөрөв. Тэгж тэгж ёслолын хөгжим эгшиглэхтэй зэрэгцээд зочид суудал руугаа зүглэцгээж, би ч боломж олдсон дээр нь золгохоор гар сунгаад, хацраа үнсүүлэхээр урагш бөхийлөө.

          Тэгтэл хэн нэгэн Баясахын аав Мунтар гуайгаас өрсөөд гарыг минь атгачих нь тэр. Царайг нь олж харж ч амжаагүй байтал тэрхүү бахим мутрын эзэн жижигхэн муу гарыг минь лавхан атгаад цааш эргэлээ. -Хөөе, юу болоод байгаа юм бэ? гээд хашгирчихмаар байсан ч танхим дүүрэн зочдоос санаа зовоод: -Хөөе, яав аа? гэж дуулдах төдий асуулаа. Мөнөөх эр хаалга онгойлгох зууртаа над руу зэрвэс эргэн харахыг нь ажвал Цогтоо аж. Би ч хаалгаар гармагцаа л гараа угзчин татаж: -Хөөе, чи яагаад юм бэ? хэмээн уцаарлав. -Балраад байна аа, балраад байна. Чи дуугүйхэн намайг дагаад яваадах л даа гэж тун сандруухан үглээд, цааш хурдан хурдан алхалсаар байлаа. Гараас минь тавих шинж огт үгүйг мэдмэгцээ би ч алхаагаа хурдасган, түүнтэй зэрэгцэн алхлаа. Бид ёслол болох танхимаас гарч нарийхан урт коридороор амьсгаа дээгүүр алхсаар мухрын өрөөнд оров. Тэнд Баясахын хоёр эгч, үеэл дүү нар нэлээд сандарчихсан байдалтай сууж байх бөгөөд намайг хармагцаа л: -Өө ашгүй... чи хүрээд ирэв үү? Чи л одоо бидэнд тусал. Өөр арга алга гээд л бүчээд авах нь тэр. Эгч нар ямар ч тайлбар хэлэлгүйгээр миний өмсөж байсан хослолын товчийг тайлж, үеэлүүд нь буйдан дээр тохож тавьсан гивлүүр болон хуримын даашинзыг барьсаар ойртон ирлээ. -Хүүе ээ, юу болоод байгаа юм бэ? -Алив ээ, хувцасаа хурдан тайлаадах л даа. -Юу?... Юу?... Яах гэж? -Алив гялс хувцасыг нь тайлуулаад хуримын даашинз өмсүүлээдэх. Эгч нарын командлалаар үеэл дүү нар нь ч юу юугүй л миний хувцсыг тайлж шидээд, хуримын даашинз өмсүүлэхээр завдах нь тэр.

        Би эхэндээ болж буй бүхний учрыг олчих санаатай хичээж байсан боловч сүүлдээ тэвчээр алдлаа. -Боль... больцгоо. Надаас холд. Энд юу болоод байгаа юм бэ? надад тайлбарлаадахаач гээд тэднийг өөрөөсөө холдуулан түлхвэл Баясахын том эгч Баясгалан: -Чамд тайлбарлаад зогсож байх зав алга аа гээд гивлүүрийг толгойд минь углахаар зүтгэв. -Яагаад? Яагаад надад энэ даашинзыг өмсүүлэх гээд байгаа юм бэ? Сүйт бүсгүй хаана байна? -Тээр би та нарт хэлээгүй юу? Тайлбарлахгүй бол болохгүй ээ гэж... за алив, Уянга аа, миний дүү тийшээ гүйгээд ёслолыг хэдэн минутаар хойшлуулж бай гэж хөтлөгчид хэлчихээд ир дээ. -Долгормаа минь... үнэндээ бид балраад байна. Сүйт бүсгүй маань замдаа саатчихаад, ёслолоосоо хоцрох гээд байна. Ямар үүнээс болоод ёслолыг хойшлуулалтай биш дээ. Тиймээс түүнийг ирэх хүртэл энэ хувцасыг өмсөөд, орлоод сууж байх хүн хэрэгтэй байна аа. -Та нар чинь одоо юу яриад байгаа юм бэ? -Санаа зоволтгүй ээ, гивлүүр зүүчих учраас хэн ч анзаарахгүй. Тэгээд л сүйт бүсгүйг ирмэгц намайг эвтэйхэн танхимаас гаргаад хувцсыг нь солиулж өмсгөөд оруулчихна. Тангараг өргөхөөс өмнө амжаад ирчихнэ ээ. Санаа зоволтгүй. -Амжиж ирэхгүй бол яах юм бэ? -Тэгвэл тэгээд чи л Баясахтай гэрлэчихгүй юу? -Юу? -Тоглож байна аа, тоглож байна. Амжаад ирчихнэ дээ. Тангараг өргөхөөс өмнө чи танхимд ороод, Баясахтай зэрэгцээд л сууж байхад болно. Юу ч хийх шаардлагагүй. Угаасаа хосууд зочдоос нэлээд зайтай сууна. Хэн ч анзаарахгүй. -Яаж ийм юм байж болох юм бэ? Тэр бүсгүй чинь ямар хариуцлагагүй юм бэ? Амьдралдаа ганц тохиох баяраасаа хоцроод байхдаа яах вэ дээ. Түүнийг хурдхан авч ирэх аргаа бодож ол. Би наад даашинзыг чинь өмсөж, тэр бүсгүйг чинь орлож чадахгүй. Саяхан л миний саналыг асуулгүй, тулгаж байсан бүсгүйчүүд цөхөрсөн бололтой, бүгд суудал дээрээ лагхийтэл суугаад өгөв.

        Тэд шал ширтээд, уртаар санаа алдахаас өөр ямар ч үйлдэл хийсэнгүй. Тэгтэл ч Уянга хаалга тас саван орж ирээд: -Хүүе ээ, одоо болтол хувцаслаагүй байгаа юм уу? Хөтлөгч гурван минутын дараа хосуудыг суудалд нь уриад, ёслолоо эхлүүлнэ гээд байна. Хурдлаач ээ хэмээн бачимдангуй хэллээ. Бүгд мөрөө хавчаад, хариу хэлсэнгүй. Уянга над руу болон эгч, үеэлүүд рүүгээ ээлжлэн ширтээд хаалга алдалсан чигээрээ гацаж орхилоо. Өрөөнд нам гүм ноёлов. Баясахын хоёр эгч болон үеэлүүдийн над руу байсхийгээд л хяламхийхийг эгшин бүрт мэдрээд суух тийм ч амар биш аж. Тэгтэл мөнөөх нам гүм байдлыг эвдэхээр дахин хэн нэгэн айсуй. Нэлээд хүндхэн алхаатай тэр хөлийн чимээ ойртох тусам миний муу зүрх амаараа гарчих шахам түгшиж байлаа. Өнөөх алхаа хаалганд тулж ирээд: -За, сүйт бүсгүйг авахаар ирлээ гэж хэтэрхий танил хоолойгоор хэлэхэд би айснаасаа болоод түүн рүү харж ч зүрхэлсэнгүй. Тэгтэл ч мөнөөх эр байдлыг харж ойлгосон бололтой: -Сүйт бүсгүй яасан бэ? Хаана байна? Хоёр талын аавууд танхимын хоёр хаалган дээр хүлээгээд байна гэж нэлээд бухимдуухан хэлэв. Түүний нэлээд захирангуй дуунаас цочсондоо би гэдэг хүн суудлаасаа ухасхийгээд л бослоо. Гэвч юу хийж, яах учраа олсонгүй. Баясгалан эгч надтай хамт ухасхийн босоод над руу ганц алхсанаа дороо зогсоод: -Батаа минь, энэ бүсгүй зөвшөөрөхгүй байна аа... зөвшөөрөхгүй байгаа хүнд хүчээр хуримын даашинз өмсүүлээд чирээд оруулалттай биш дээ гэж аав, ээждээ тунирхаж буй хүүхэд шиг л гоншигнов. Баясахын том ах Батбаясгалан цэргийн хүний эрс шийдэмгий зангаараа намайг чиглэн алхсаар өмнө минь хүрч ирээд: -Чи яагаад зөвшөөрөхгүй байгаа юм? гэж шууд тулган асуух нь тэр. -би... нөгөө... юу... юу л даа... гээд ямар нэгэн няцаашгүй тайлбар олоод хэлчих гэж хичээсэн боловч даанч чадсангүй. -Нөгөө юу гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Чи тайлбар хэлж чадахгүй байна аа гэдэг зөвшөөрөхгүй байх ёстой шалтаг байхгүйн л шинж. Тиймээс яг одоо хувцасаа өмсөөд намайг дагаад ёслолын танхим руу яваадах. Түүний эрс шийдэмгий энэхүү тушаалыг эсэргүүцэх зориг ч үнэндээ дутлаа. Ингээд л би гэдэг хүн үг дуугүй гар өргөн бууж өгөөд, экс найз залуугийнхаа эгч, үеэлүүдийн тусламжтайгаар хормын төдийд сүйт бүсгүйн дүрд хувилав.

        Миний мэдэхийн л сүрдэм том бие, сүрлэг бүдүүн хоолойтой, захирангуй аясаар ярьдаг байсан Батбаясгалан ах бол энэ гэр бүлээс надтай хамгийн ойр дотно байдаг хүн. Тэр надтай таарах бүртээ тэвэрч аваад л духан дээр үнэрлэж, халааснаасаа ямар нэгэн нандин зүйл заавал гаргаж өгдөгсөн. Гэтэл тэр энэ удаа намайг үл тоож, санаа бодлыг минь ч асуулгүйгээр шууд тушаал буулгав. Хачирхалтай нь, намайг эсэргүүцэж, үгүйсгэж, захирах гэсэн бүхний өөдөөс мятралгүй тэмцдэг би өөрөө түүнд үг дуугүй захирагдав. Мөнөөх л танил коридороор Батбаясгалан ахын гараас сугадан алхсаар, хэзээ нэгэн цагт ааваасаа ч илүү хайртай байсан залууг минь зүсийг нь үзээгүй бүсгүйтэй үүрд холбох гэж өнөөх танхимын хаалган дээр хүрч ирлээ. Танхимын хаалган дээр Мунтар гуай намайг тосон авч, гараас минь зөөлөн атгаад, суган доогуураа оруулан татаад тохойн дээрээ алгыг минь тэнийлгэн тавиад гараараа хэдэнтээ зөөлөн товшив. Би уг нь хэнээс ч үл хамаарагч, хязгааргүй эрх чөлөөт нэгэн билээ. Гэтэл ингээд л далавчаа тасдуулсан шувуухай шиг бусдын эрхэнд орчих гэж. Тэд энэ бүхнийг надад зүгээр л тулгасан. Хөх тэнгэрт дүүлэн нисэгч шувуухайг хэн нэгэн эзэрхийлэгч зөвшөөрөлгүй барьж, өд сөдийг нь түүж орхиод, торонд хорьчихдогоос ялгаа юу байна аа. Гэвч би бас яагаад энэ бүхнийг эсэргүүцэхгүй байгаа юм бол оо? Эсвэл эсэргүүцэх тэнхэл надад огт байхгүй юм гэж үү? Ийнхүү өөртэйгөө зөвшилцөж, хариулт олохыг хичээж зогстол өмнөх хаалга алгуурхан нээгдэн, ёслолын хөгжим эгшиглэж, алга нижгэнэсэн том танхим руу би өөрийнхөө хөлийг ч мэдрэлгүй л ороод явчих нь тэр. Эвгүйцсэндээ бүрхэг тэнгэр шиг барайчихсан царайг минь бусдаас бүрэн нууж чадаж байгаа хэдий ч энд болж буй бүхний юугч надаас халхалж чадахгүй торон гивлүүрийн цаанаас орчноо сэм ажихаар шийдэн, зовхио алгуурхан дээш өргөлөө.

                                                   

                                                                                -ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ-