card

ХУРИМЫН УРИЛГА...хайрын өгүүллэг

Таван жил үргэлжилсэн тэр үерхлийн турш бид өдөр бүр уулзаж, аль болох удаан, бүр удаан хамт байхыг хичээж байсан ч бие биенээсээ ганц ч удаа уйдаж байгаагүй

         ХУРИМЫН УРИЛГА...хайрын өгүүллэг /part2/

        &&& Монголд ирснийхээ маргааш үд өнгөрч байхад Баясахтай холбоо барилаа. Тэр нэгэн загварын салон дээр хуримын хувцасныхаа хэмжээг өгч байна гэнэ. Загварын салон дээр очоод залгасан боловч утас нь холбогдсонгүй. Гэвч олж ядаад байх юу байх вэ дээ. Жижүүрээр нь ахлах оёдолчны өрөөг нь заалгаад л яваад очлоо. Тэр өрөөний үүдэнд Баясахын багын найзууд зогсож байв. Тэд намайг хармагцаа л -Хөөх, алдарт зохиолч Долли. Чамайг Баясахын хуримын гэрч болохоор ирнэ гэж ёстой бодсонгүй шүү хэмээн дуу алдацгаав. -Бүгд сайн уу? Ирэлгүй яахав дээ, Хонгорууд минь. -Баясах хувцасныхаа хэмжээг өгч байна. Дараа нь бид хэд орж хэмжээгээ өгөх юм билээ. Ингэхэд чи дан эрчүүдтэй хамт л зогсох нь дээ.

        -Зүгээр дээ. -Эксийнхээ хуриман дээр сүйт бүсгүйгээс нь дэгжин даашинз өмсөөд зогсож байх учиртай байтал гэрчийн үүрэг гүйцэтгээд эрчүүдийн эгнээнд зогсож байна гэдэг гомдолтой санагдахгүй байна уу?     -Дуугүй байгаач. Чамайг хэлсэн, хэлээгүй л тиймхэн байгаа байлгүй. Манай Долли ч угаасаа эршүүд бүсгүй дээ. Иймэрхүү зүйлийг ажрахгүй биз. -Цогтоо, Чи зөв хэллээ. Тэртээ тэргүй та нар намайг Баясахтай үерхэж эхлэхээс өмнө эмэгтэй хүн гэж хардаггүй байсан гээ биз дээ? -Тэр нь ч бас юу юм бэ? Хэдийгээр эрчүүдтэй нөхөрлөж, хамтдаа тамхилж, хамт наргиж, ноцолдохдоо хүртэл ноцолддог байсан ч чи бол бүсгүй хүн шүү дээ. -Би бүсгүй байна уу, бүстэй байна уу, ямар хамаа байх вэ? Хуримынхаа бэлтгэлийн тухай ярилцъя. Ингэхэд гэрчүүд ямар хувцас өмсөх юм бэ? -Тэрийг чамаас л асуух хэрэгтэй байна. -Би та нарт харуулах гээд нэг зураг аваад ирсэн. Би тэдэнд гар утсан дээрээс зураг үзүүлэх санаатай зогстол: -Цогт оо, Долли ирэв үү? гэх танил дуу гарах нь тэр. Би энэ удаа ч мөн огт сандарч тэвдсэнгүй. -Тийм ээ, би энд байна гээд л урагш шулуухан алхлаа. Ганц алхмын зайд ойртож очоод гараа сунгавал Баясах гараас минь чангахан атган татаад, намайг цээжиндээ наан тэврээд, нуруун дээр минь зөөлөн товшин мэндчиллээ. Бид үерхэж эхлэхээсээ өмнө л уулзах бүртээ ингэж мэндчилдэг байсан юм. Ялгарах зүйл гэвэл, тэр духан дээр минь үнссэнгүй. Баясах гараас минь хөтөлсөөр Ахлах оёдолчны өрөө рүү дагуулж ороод гэрчийн хувцасны хэд хэдэн загвар үзүүллээ. Би ч бусад найзуудтай нь ярилцаж байгаа тун энгийн юм шиг хэрнээ дэгжин загвар сонгож, хэмжээгээ өгөөд гарч ирэв.

        -Сүйт бүсгүй хаана байна? -Цаг гаруйн дараа энд ирчихнэ ээ. -Тэгвэл тэр хүртэл чи надад цаг гаргах юм байна, тийм үү? -Тэгэлгүй яах вэ... -Ойрхон нэг газар орж, хоол идэнгээ хэсэг хууч хөөрөх үү? -Тэгье. Загварын салоны хаалгаар гарах үедээ л Баясахын нөхдийг биднийг дагаж явааг анзаарлаа. -Хөөе, ингэхэд та нар хаачих гэж байгаа юм? -Бид ч бас хоолонд оръё л доо. -За, ёстой уучлаарай. Баясахыг надтай хамт ганцхан цаг үлдээчихэж болно биз дээ? -Та хоёр хоёулхнаа... -За, Билгүүнээ... битгий олон юм яриарай. Би багын найзыгаа насан туршийнх нь ханьд үүрд тушаахаасаа өмнө ганцхан цаг ашиглачихъя. -Багын найз ч гэж... экс найз залуу чинь биз дээ? -Чи гоншигнодог хэвээрээ л байх шив. Тийм байсандаа ч яах вэ дээ, тэгвэл би экс найз залуутайгаа ганцхан цаг хоёулхнаа хамт байчихъя. Болно биз дээ, эсвэл таниас зөвшөөрөл авах уу? -Билгүүнээгээс биш сүйт бүсгүйгээс нь зөвшөөрөл авсан нь дээр байх аа. -Та нар ер нь эндээ үлдээд, сүйт бүсгүйг нь хүлээж бай. Ирэхээр нь багын найз нь ирээд хамт хоолонд орох гээд явчихлаа гээд хэлчихгүй юу. -Чи ч Баясахтай нийлэхээрээ биднийг жийдэг хэвээрээ л байх шив. -Би энэ залууг оргуулчихгүй дээ... Билгүүн бид хоёр мэтгэлцээд эхлэхээрээ мөддөө өндөрлөдөггүйг мэдэх учир Баясах миний гараас гудхийтэл татаад цааш алхлаа. Найзууд нь ч тамхилсаар хоцров. Баясах бид хоёр ойролцоох рестораны VIP өрөөнд орж, хооллох зууртаа диван дэлхийн сонин хачныг хамж шимэн ярилцсан боловч өөрсдийнхөө тухай бараг л ярьсангүй. Үнэндээ хэн хэн маань асуугаагүй юм. Урьдын л адил халуун дотно яриа, элгэсэг дулаан уур амьсгал бидний дунд оршсоор байгаа нь илт. Зүрхний минь хэмнэлийг алдагдуулдаг тэр харц, тэр инээмсэглэл, кино, жүжгээс өөр юунд ч төвлөрдөггүй анхаарлыг минь нэлээд удаан хугацаанд тогтоон барьж чаддаг ухаалаг яриа, огт санамсаргүй л нээчихдэг шинэ шинэ нээлтүүд ч яг л хэвээрээ. Хэдийнэ хоёр жил өнгөрсөн ч юу ч өөрчлөгдөөгүй мэт санагдах аж.

        Гэвч сайн анзаарвал олон зүйл өөрчлөгджээ. Нүд рүү минь эгцлэхийн төдийд хэмнэлээ алдчихдаг зүрх минь түүнээс ямар ч онцгой зүйл мэдрэхээ больчихсон мэт тун тайван, нэгэн хэмнэлээр цохилж байна. Цаг үргэлж дэндүү сонирхолтой, амтлаг санагддаг яриануудад нь анхаарлаа төвлөрүүлж чадаж байгаа ч урьдын адил уулга алдан догдлохгүй байна. Тэр ч бас хааяахан гараас минь чанга атгаж, мөрөн дээр минь зөөлөн алгадаж, нүд рүү минь эгцлэн ширтэх хэрнээ энэ үйлдлүүд ердөө л зуршил болчихсон төдий мэдрэмж төрүүлэх аж. Бид дунд сургуулийн дөрөвдүгээр ангиасаа эхлэн дотно нөхөрлөж, Ахлах ангид ормогцоо л хоёр биен рүүгээ тэвчиж тэсвэрлэхийн аргагүйгээр догдлон тэмүүлж, их сургуулиа төгсмөгцөө л үерхэж эхэлсэн. Таван жил үргэлжилсэн тэр үерхлийн турш бид өдөр бүр уулзаж, аль болох удаан, бүр удаан хамт байхыг хичээж байсан ч бие биенээсээ ганц ч удаа уйдаж байгаагүй. Гэтэл гэв гэнэтхэн л нэг өдөр тэр бүхэнд цэг тавиад, хоёр тийшээ одсон. Түүнээс хойш хоёрхон жил өнгөрөхөд л биднийг холбож байсан тэр их догдлол, тэр их хайр, хүндлэл ор мөргүй алга болчихсон байх гэж... сонин юм аа. Хүний амьдрал үнэхээр тааварлахын аргагүй оньсого юм. Бид ийнхүү ярилцаж суусаар хэдий хэр хугацаа өнгөрснийг ч анзаарсангүй. Хооллож дууссан ч хэд хэдэн удаа уух юм нэмж захиалан, удтал суусан байлаа. Тэгтэл Билгүүнээс дуудлага ирж “Сүйт бүсгүй ирж, хувцасаа өмсөж үзээд яараад явчихлаа” гэж хэлэх нь тэр. Ингээд л би түүний сүйт бүсгүйтэй танилцаж чадалгүй алдчихлаа. Танилцахсан гэж үнэндээ яарсан ч үгүй. Хуримын ёслолын бусад зохион байгуулалтанд ч мөн би сайн дураараа оролцоход бэлэн байсан боловч тэд бүхнийг намайг ирэхээс өмнө нарийн төлөвлөөд бэлтгэчихсэн аж. Ингээд би гэдэг хүн экс найз залуугаа гэргийд нь хүлээлгэж өгөх тэр өдрийг хүлээх л үлдлээ.

                                                                       -ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ-