card

      ХУРИМЫН УРИЛГА...хайрын өгүүллэг

        Амьдралдаа анх удаа хуримын урилга хүлээн авлаа. Илгээгч нь хуучин найз залуу маань байсныг эс тооцвол сайхан мэдрэмж. Урилга хүлээж авмагцаа л юунд ч юм бэ, хачин их догдлон, уужуу амьсгаа ч авч амжилгүй гүйсээр Монгол руу нисэх онгоцонд суув. Хуваарьт суудалдаа тухалмагцаа л сая нэг уртаар амьсгаа авч, таван жил үерхсэний эцэст түүнээс гэрлэх санал хүлээгээд хэрэггүйг ойлгон, эв түнжинтэйгээр хоёр тийш болох санал тавьснаа эргэн дурсав. Тайван байгаа мэт харагдах гэж хэрэндээ л хичээн, байсхийгээд л хоолой засан, хуурамчаар инээмсэглэж байснаа ч санаж байна. Тэр жишүү харж хэсэгхэн бодлогошроод: -Хэрэв чи ингэж шийдсэн бол би юу хэлэх вэ дээ? гэв. Үнэндээ би түүнээс ийм хариулт хүлээгээгүй. Тиймдээ ч “чи үнэхээр итгэлтэй байна уу?” гэсэн харцаар түүний нүд рүү эгцлэн ширтлээ. Харамсалтай нь, тэр огт тээнэгэлзэхгүй байгаа бололтой, нүдээ ч цавчсангүй. -Тийм ээ, би шийдсэн. Хэдхэн хоногийн өмнө олон улсын нүүдлийн театрт ажиллах санал хүлээж авсныг минь чи мэдэж байгаа даа. Тэр саналыг хүлээж авахын тулд сэтгэлийн ачаагаа хөнгөлөх гэсэн юм гэж хэлэхдээ би өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй. Гэвч итгэлтэй байгаа мэт дүр эсгэж чадсандаа огтхон ч эргэлздэггүй. -Зөв зөв. Чи мөрөөдлийнхөө ажлыг хийх ёстой гэж хэлэхдээ тэр харин дэндүү өөртөө итгэлтэй харагдсан.

          Түүний тэр дэндүү итгэлтэй байдал гол зурж, гомдол төрүүлж байсан ч би өнөө л өөрийг минь эсэргүүцэж, үгүйсгэж буй бүхэнд бууж өгдөггүй зангаараа сөрж зогссон юм. , -Тийм шүү, миний мөрөөдлийн ажил. Ийм боломж дахиж тохиохгүй ч юм бил үү гэж хэлээд үргэлжлүүлж чадалгүй, хэлээ хазлаа. Үнэндээ цааш нь юу гэж худал хэлэхээ мэдэхгүй байсан хэрэг... Би түүнээс ийм хариу сонсох бэлтгэл ч бас хийгээгүй. Түүний оронд: -Үгүй ээ, би чамаас салмааргүй байна. Чи миний гэргий болоод, дэргэд минь үлдэж болохгүй юм гэж үү? гэсэн тун ч энгийн хоёрхон өгүүлбэр л хүлээсэн. Миний хувьд алтнаас ч үнэтэй тэр хоёрхон өгүүлбэрийн төлөө би мөрөөдлийнхөө ажлаас татгалзаад, түүний дэргэд үүрд үлдэхэд бэлэн байсан. Даанч хувь тавилан, хайрын минь эзэн хоёр төсөөллөөс минь огт өөр зүг рүү томилолт өгөөд явуулчихсан юм. Миний аз таарахад, Олон улсын нүүдлийн театрын зохиолч гэдэг санаснаас хэд дахин завгүй ажил байсан. Энэ ч утгаараа өнгөрөгч хоёр жилийг би даанч ажралгүй туулсан. Мужаас муж, хотоос хотын хооронд аялж, хүсэл мөрөөдлийнхөө ертөнцөд дураараа сэлгүүцэж, түүнийгээ тайзан дээр жүжиг, шоу үзүүлбэр болон амилуулаад л... Шинэлэг соргог сэрэл мэдрэмжээр дүүрэн хүмүүстэй уулзаж, ярилцаж, өдөр тутам учрах шинэ шинэ адал явдлуудаас хөвөрсөн бодлуудаараа дахин нэг цоо шинэ гариг ертөнцийг бүтээж, цаасан дээр сүндэрлүүлээд л... Түүнтэй хамт өнгөрүүлсэн хайр бялхсан таван жилийг энэ бүхэнтэй харьцуулахад дэндүү үр бүтээлгүй, уйтгартай өдөр хоногууд байсан мэт санагдаж байлаа.            

        Чухамдаа өдөр бүр хайрандаа нялхарч, нялуурч, эрхэлж, элгэмсэж, түүнээсээ дээд зэргийн аз жаргалыг мэдэрсээр байсан ч би тэдгээр жилүүдэд юу ч хийж бүтээсэнгүй. Гэтэл би хоёрхон жилийн дотор хүүрнэл зохиолын дөрвөн ч томоохон бүтээл гараас гаргаж, 80 гаруй шоу тоглолт, 10 гаруй жүжгийн зохиол бичиж амжлаа шүү дээ. Энэ бодол л намайг түүний тухай бодох бодол, санах дурсамжаас минь чөлөөлж байсан юм болов уу. Харин тэр хайр дурлал, албан ажил хоёроо эн тэнцүүхэн авч явдаг өнөө л нягт нямбай зангаараа бүхнийг амжуулжээ. Хэдэн жилийн турш мөрөөдөж тэмүүлсэн урлагийн сургуулиа байгуулж, шавь нарынхаа хамтаар Олон улсын хөгжмийн наадмын гран при шагналыг эх орондоо авчирчээ. Түүгээр ч зогсохгүй, сэтгэл нийлэх бүсгүйгээ олчихсон, хэдхэн хоногийн дараа хуримын тангаргаа өргөх гэж байна. Би гэнэт ирсэн хуримын урилгыг задалж үзмэгцээ л интернэт рүү орж, энэ бүх мэдээллийг олж уншсан. Гэхдээ яагаад ч юм бэ, цочирдож гайхаагүй, харамсаж халаглаагүй. Бүр эсрэгээрээ хачин их догдолчихсон. Чухам юунд ингэтлээ догдлоод байгаагаа өөрөө ч мэдэхгүй юм. Магадгүй, түүн шиг төгс төгөлдөр нэгний гэргий болж буй тэр азтай бүсгүйн өмнөөс л баярлаад байгаа болов уу даа.

                                                                           -ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ-