card

ХУРИМЫН ХӨТЛӨГЧӨӨ СОНГОСОН УУ? /part2/

Хурим найрын ёслолыг дэг жаягийнх нь дагуу авч явах эрхэм хүн бол яахын аргагүй хуримын хөтлөгч байдаг.

       Манай hurim.mn сайтад хандсан олон залуусынхаа хүсэлтээр бид хуримын хөтлөгчдийн талаар мэдээлэл өгөхөөр олны танил эрхэм хөтлөгчидтэй утсаар холбогдож та бүгдийн сонирхсон асуултуудад хариулт авч цувралаар хүргэж байгаа билээ. Найр наадмын оргил үе ирсэн учраас хөтлөгчдийн ажил их, зав тун бага байгаа гэсэн шүү. Хүн бүхэн л цагийн тулгахгүй л ярьж тохирох хэрэгтэй гэдгийг анхааруулж байна лээ хосууд минь. Өнөөдрийн бидний онцолсон хөтлөгчид бол UBS телевизээс хөтлөгчийн гараагаа эхэлсэн сэтгүүлч, хөтлөгч Э.Гантулга болон “Найзууд Театр”-ын уран бүтээл ангийн дарга жүжигчин СТА Э.Ууганбаяр болон Х-Түц хамтлагийн залуу жүжигчин Б.Билэгдэмбэрэл нартай уншигч залуусыгаа уулзуулж байна.

Сайн байна уу? Та сайхан зусаж байна уу?  Монголын Хуримын Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн Холбооны дэргэдэх hurim.mn сайтаас холбогдож байна.

Гантулга:  Сайн, сайн байна уу?  сайхан зусаж байна.

Таны уран бүтээл өндөр үү? Та хурим хөтөлж байна уу?

Гантулга:  Уран бүтээл өндөр, ажил тавлаг сайхан байна. Хувийн ажил их байгаа учраас хурим бага л хөтөлж байна. Танил найз нөхдийн тавьсан саналын дагуу ганц нэг л хурим хөтөлж байна даа.

Та олон жил хурим хөтөлж байна уу? Хурим хөтлөхдөө юуг анхаардаг вэ?

Гантулга:  Би анх 2000 оноос эхэлж хурим хөтөлж эхэлсэн. Энэ хугацаанд 800 гаруй хурим хөтөлсөн байна.Тухайн үед цөөхөн хэдэн хүн хурим хөтөлдөг байлаа. Бид ярилцаад хуримын ёслолыг газар газрын ёс заншил, хэв маягийг шингээхийг хичээж Монгол, Европыг хослуулан, үндсэн хоёр хэсэгт хувааж хөтлөх нь зөв юмаа гэж үзээд хуримын арга хэмжээг хоёр хэсэгт хувааж хөтлөх эхлэлийг тавьсан.  Хуримын ёслолыг  “Хүндэтгэлийн хэсэг”, “Ёслолын хэсэг” гэсэн хоёр хэсэгт хувааж байлаа. Хүндэтгэлийн хэсэгт өтгөс буурлаа хүндэтгэсэн ёс жаягаа баримталсан, эрт үеэс уламжлан ирсэн Монгол ёс заншлаа гүйцэлдүүлсэн, ерөөл дэмбэрлээ хайрласан хүндэтгэлийн үйл ажилгааны хэсэг. Ёслолын хэсгийг бол Европ хуримын хэсэг гэж ойлгож болно. Хурим хөтлөхөд Монгол ёс жаягаа мэддэг байх нь маш чухал. Анх хурим хөтөлж ирсэн цагаасаа хуримын үйл ажиллагааг ёс журмынх нь дагуу хөтлөх нь маш чухал гэдгийг баримталж явдаг. Одооны залуус ер нь их хэв маяг хөөдөг болсон нь харамсалтай санагддаг. Хуримлаж байгаа хосууд болон  хөтөлж байгаа хөтлөгчид энэ тал дээр анхаарах хэрэгтэй.  Хуримын ёслолыг хэт хэв маяг хөөж хөнгөн хийсний үр дүн муугаар илэрч гэр бүлд салалт, хүүхдэд өнчрөл ирж байна. Нэг л амьдрах энэ хорвоод биесээ олж,  тусгаар улсдаа өрх гэр нэгээр нэмж,  хурим найраа хийж байгаа хосууд ёслол төгөлдөр хуримаа хийж өөрсдөө сайхан амьдарч, үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх тэр ухааныг мэдэх дагах ёстой гэж боддог.

Танаар хуримаа хөтлүүлэх хосууд хэд хоногийн өмнө захиалга өгөх ёстой байдаг вэ? 

Гантулга:  Цагийн тулгалгүй урьдчилаад холбогдоход болно доо. 

Та хурим хэдээр хөтөлдөг вэ? Мэдээлэл өгч болох уу?

Гантулга:  Болноо. Санал тавиад надаар хөтлүүлбэл 3 саяар хөтөлдөг.

За танд маш их баярлалаа.  Ажилд нь өндөр амжилт хүсье.

Гантулга: Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье,  баярлалаа.

Сайн байна уу? Та сайхан зусаж байна уу?  Монголын Хуримын Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн Холбооны дэргэдэх hurim.mn сайтаас холбогдож байна.

Ууганбаяр: Сайн, сайн байна уу?  Сайхан намаржиж байна /инээв/

Таны уран бүтээл өндөр үү? Хурим их хөтөлж байна уу?

Ууганбаяр: Уран бүтээлийн хувьд энэ зун амралтын байдалтай өнгөрлөө. Хурим их хөтөлж байна.

Та олон жил хурим хөтөлж байна уу? Хурим хөтлөхдөө юуг анхаардаг вэ?

Ууганбаяр: Анх 2006 оноос хурим хөтөлж ирсэн. Яг хэдэн хурим хөтөлснөө бол тоолж байгаагүй. Миний хувьд хуримлаж байгаа хоёртойгоо хуримаас нь өмнө 2-3 удаа уулздаг. Тухайн хоёр хостойгоо сайн танилцаж, юуг хэлж болохгүй, юуг онцлон хэлэх гээд маш сайн ярилцдаг. Миний давуу тал гэвэл энэ л байна даа.

Танаар хуримаа хөтлүүлэх хосууд хэд хоногийн өмнө захиалга өгөх ёстой байдаг вэ? 

Ууганбаяр: Хүмүүс ихэвчлэн сар гарны өмнө холбогдоод өдөр судраа тохироод захиалгаа өгдөг. Одоо бол 8, 9 сарын сайн өдрүүдийн захиалга дүүрсэн байгаа. 

Манай уншигчид хөтлөгчдийн үнийн талаар мэдээ мэдээлэл авч өгөөч гэж хүссэн юмаа. Та хурим хэдээр хөтөлдөг вэ? мэдээлэл өгч болох уу?

Ууганбаяр: Бололгүй яахав. 3 саяар хөтөлж байгаа... 

Баярлалаа танд.  Уран бүтээлийн өндөр амжилт хүсье! 

Ууганбаяр: Надтай холбогдсон та бүхэнд баярлалаа. Танай хамт олонд  ажлын өндөр амжилт хүсье.

Сайн байна уу? Та сайхан зусаж байна уу?  Монголын Хуримын Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн Холбооны дэргэдэх hurim.mn сайтаас холбогдож байна.

Билэгдэмбэрэл: Сайн, сайн байна уу? Сайхан зусаж байна.

Таны уран бүтээл өндөр үү? Хурим их хөтөлж байна уу?

Билэгдэмбэрэл: Уран бүтээл өндөр байна. Хурим их хөтөлж байна. 8 сарын сайн өдрүүдийн захиалга ер нь дүүрчихсэн байна даа.

Та хэзээнээс хурим хөтөлж эхэлсэн бэ? Хурим хөтлөхдөө юуг анхаардаг вэ?

Билэгдэмбэрэл: Оюутан цагаасаа эхлээд хурим хөтөлж сурах юмсан гэж их боддог байлаа. Оюутан байхаасаа хөтөлж эхэлсэн. Одоо ч суралцсаар л байна. Хурим гэдэг бол хүний амьдралд нэг л тохиох баяр учраас тэр хүний баярыг хүндэтгээд хувцаслалтаасаа эхлээд маш сайн анхаардаг. Хуримын хөтлөлтөд хөтлөгчийн мэдрэмж, ритм их чухал юм шиг санагддаг. Хуримлаж байгаа хос хоёрын болон хуриманд уригдан ирсэн зочдын гээд сэтгэлд нь хүртэл сайхан хөтөлж өгөхийг хичээдэг. Мэдээж Монгол ёс жаягийнхаа дагуу зан заншлаа баримталж хөтөлдөг дөө.

Хуримаа хөтлүүлэх хосууд захиалгаа хэдий хугацааны өмнө өгөх ёстой байдаг вэ? 

Билэгдэмбэрэл: Урьдчилаад 1-2 сарын өмнө холбогдож захиалгаа өгөхгүй бол сайн өдрүүдийн захиалга хурдан дуусдаг. Зарим хүмүүс тулгаж захиалга өгөөд давхацсан байдаг учир харамсалтай нь хөтөлж өгөх боломжгүй тохиолдол гардаг.  

Та хурим хэдээр хөтөлдөг вэ? Мэдээлэл өгч болох уу?          

Билэгдэмбэрэл: Ихэвчлэн надад бүтнээр нь хөтлүүлэх санал их ирдэг.  1 сая 500 мянгаар хөтөлж байгаа даа.

Баярлалаа танд.  Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!  Олон олон залуусын хуримыг хөтөлж аз жаргал бэлэглэж байгаарай. 

Билэгдэмбэрэл: Тэгэлгүй яаxав,  та бүхэнд маш их баярлалаа. Танай хамт олонд  ажлын өндөр амжилт хүсье.