МОНГОЛ САЙХАН НУТАГТ МААНЬ 6000 ЖИЛИЙН ӨМНӨӨС ГЭР БҮЛ ҮҮССЭН БАЙДАГ...
Найрын дуунаас эхлээд анхаарууштай зүйлүүд олон бий. Ардын болон завхай дууг найранд хориглодог.МОНГОЛЧУУД ЭРТ ҮЕЭСЭЭ ИДЭЭ ЦАГАА ДЭЛГЭРСЭН ЗУНЫ ДЭЛГЭР ЦАГ, ТАРИА БУДАА ХУРААСАН НАМРЫН НАЛГАР ӨДРҮҮДИЙГ БЭЛЭГШЭЭН СОНГОЖ ШИНЭЭР ГЭРЛЭГСДИЙНХЭЭ ХУРИМ НАЙРЫГ ХИЙЖ, ГАЛ ГОЛОМТЫГ БАДРААДАГ УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛТЭЙ АРД ТҮМЭН БИЛЭЭ. ЭНЭ ЦАГ ҮЕД БИД ХУРИМЫН ЗАН ЗАНШИЛ, ДЭГ ЁСНЫ ТУХАЙ ТОДРУУЛАХААР “МОНГОЛ ГЭР БҮЛ” СЭДВЭЭР 20-ИОД ЦУВРАЛ НОМ ГАРГАСАН ГЭР БҮЛ СУДЛААЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР ПРОФЕССОР БОРЖИГИН-ТУЛГА ОВОГТ ТӨМӨР-ОЧИРЫН НАМЖИЛТАЙ УНШИГЧ ЗАЛУУСЫГАА УУЛЗУУЛЖ БАЙНА.
Сайтынхаа уншигчдын өмнөөс танд өдрийн мэнд хүргэе. Та гэр бүл судлалын чиглэлээр олон жил дагнан ажиллаж, энэ сэдвээр залууст гарын авлага болохуйц олон цуврал ном гаргажээ. Өрх гэрээ тусгаарлан, хурим найраа хийж, гал голомтоо бадраах гэж байгаа залуустаа хуримын зан үйлийн тухай зөвлөж ярилцвал та юу гэж зөвлөмөөр байна.
За баярлалаа. Хуримлах гэдэг бол маш чухал зан үйл юм. Бидний судалснаар бол Монгол сайхан нутагт маань гэр бүл 6000 жилийн өмнөөс үүссэн байдаг. Энэ 6000 жилийн хугацаанд Монгол ард түмний дунд мартагдалгүй уламжлагдан ирсэн хоёр, гурван ёсын нэг бол гэрлэх, хуримлах ёсон юм.
Монголчууд эртнээсээ зуны дэлгэр цагт хурим найраа хийж шинэ залуу гэр бүлээ эцгийн голомтоос гал таслан гаргадаг түүхэн уламжлалтай ард түмэн. Яг энэ цаг үед танай сайтаас зөв сэдвийг хөндөн ярилцаж байгаад гэр бүл судлаач мэргэжлийн хүнийхээ зүгээс маш их баяртай байна. Би өнөөдөр энэ нутгийн, тэр ястны гээд хуримын зан үйлийг ярихгүй. Цаг хугацаа ч хүрэлцэхгүй байх. Ерөнхийд нь хуримын зан үйлд хуримлаж байгаа шинэ хосууд болон хоёр талын худ, худгуй нар юуг анхаарах ёстой талаар товч ойлголт өгье гэж бодож байна.
Монгол угсаатан, үндэстэн гэж энэ том ард түмэнд хуримлах ёсон бол ерөнхий нэг л байна. Баяд, өөлд, дөрвөд гэлтгүй хуримлах ёс бол агуулгын хувьд ижил. Мэдээж газар нутгийн байршил, онцлогоосоо шалтгаалаад зан үйл, ёс заншилаараа ялгаатай болдог. Жишээ нь тайгад амьдарч байгаа иргэд гүү барьж, айраг цагаа бэлдэхгүйтэй адил тал нутгийн иргэд цаа бугаа сааж цагаалгаа бэлдэхгүй учир газар газрын онцлогоор зан үйл нь өөр өөр байдаг.
Танай сайтаар дамжуулаад гэрлэх хуримлах ёстой холбоотой, анхаарууштай гол гол зүйлүүдийг онцлон ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна.
1-рт: Гэрлэлт, хуримлах ёсон гэдэг энэ зан үйлийн агуулгыг ахмад өндөр настан, худ худгуй нар болон шинээр гэр бүл болж байгаа залуучууд маш сайн ойлгож мэдэх хэрэгтэй. Хоёр талаас хүүхдүүдийнхээ гэр бүл болохыг зөвшөөрсөнөөр хурим найрын тов гарч, өдөр судараа сонгодог. Хуримын ёслол дээр худ худгуйн талууд агуулга дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Агуулга гэдэг нь энгийнээр хэлбэл харилцан бие биенээ ойлгохыг хэлээд байгаа зүйл. Тиймээс хуримын ёслолд аль болох олноороо оролцох хэрэгтэй. Манай хүргэн болж байгаа хүү, бэр болж буй охин ийм хүн байнаа гэж тэр хуримын ёслол дээр хоёр талын хүмүүс бүгд харж таньж авдаг. Тэгээд хүүхдүүдээ, хань болж байгаа хүнийхээ энэ талыг илүү анхаараарай гээд сургаж гэр бүлийн амьдралд бэлдэж эхэлдэг. Нөгөө талаас хоёр талын тэр олон хүний өмнө хариуцлага үүрээд, ёс төртэйгөөр гэр бүл болсон хосын амьдрал илүү бат бөх байдаг.
Бас нэг анхаарах ёстой зүйл бол яг хуримын ёслол дээр гэрчилгээг нь гардуулдаггүй явдал юм. Нөхрийн талын эцгийн хамгийн ахмад настай хүн хуримын ёслол дээр гэрчилгээг нь гардуулаад ерөөл хэлээд, хосуудад хариуцлагыг мэдрүүлээд амьдралыг нь эхлүүлэх ёстой. Гэрлэлт гэдэг бол харилцан бие биесээ ойлгож хариуцлага хүлээх зүйл шүү дээ.
2-рт: Гэрлэлт гэдэг бол хоёр өөр орчинд төрж өссөн, өөр өөр хүмүүжил зан үйлтэй хоёр гэрлээд нэгэн гэр бүлийг шинээр үүсгэснээр тэнд нэг шинэ соёл, зан заншлыг бий болгоно гэсэн үг. Хосууд хоёр талынхаа уламжлалт ёсыг харилцан ярилцаж, судлан мэдэж, хүндэтгэж байж хуримын зан үйлээ тогтох, дэг ёсоо гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол хуримын өдрөөсөө манай ёсонд ингэхгүй, ийм ёс манайд байхгүй гээд хоёр тал үл ойлголцоод эхэлдэг. Хуримын өдөр санаа сэтгэл нийлэхгүй байх, зөрөлдөхийг хатуу цээрлэдэг. Ер нь бол эрэгтэй талынхаа зан үйлийг дагадаг.
Бас нэг жижиг гэлтгүй зүйл дээр анхаарууштай санагдаад байдаг юм. Одоо хуримын ёслолыг ихэвчлэн ресторанд тус тусдаа ширээ тойрон суугаад хийдэг болсон. Өмнө нь бол Монгол найман ханатай гэрт хүргэн бэрийн тал хоёр өөдөөсөө хараад дотно танилцаж, ярилцаж халуун дотно харилцааг үүсгэж хийдэг байсан. Япончууд манай Монгол гэрийн давуу талыг судлаад байшин дотроо дугуй үүсгээд гэр бүлийн халуун дотныг мэдрэхийг одооноос нэвтрүүлж эхэлсэн байна. Энэ бол хэрэгжүүлэхэд болохгүй зүйлгүй гэж үзэж байгаа.
3-рт: Ер нь гэрлэлт, хурим, найр гэдэг чинь хүмүүжлийн чухал ач холбогдолтой. Одоо бол хурим найрыг өргөн дэлгэр сайхан хийдэг болсон байна. Цаашид үр хүүхдэдээ энэ зан үйлийг зөв өвлүүлэн үлдээх тал дээр найрын хойморт уригдсан ахмад настанууд зан үйлээ зөв үйлдэж, үр хүүхдүүддээ суулгаж өгөх үүрэгтэй гэж боддог. Хуримлах ёслолд хамгийн чухал зүйл бол найр байдаг. Найрыг нутаг нутаг өөр өөрийн зан үйлээр хийдэг. Боржигон овогт хүүтэй Баяд бүсгүй гэрлэвэл найр Боржигон ёсоор л явагдана. Баяд хүүтэй Боржигон бүсгүй гэрлэвэл Баядын ёсоор найраа хийнэ. Тэгэхээр хоёр тал бие биенийхээ уламжлалт зан үйлийг урьдчилан судалж мэдэх хэрэгтэй. Найрын дэг, найран дээр дуулах дуу, хэлэх ерөөл бол эртнээс их дэгтэй байсан. Найрын дуунаас эхлээд анхаарууштай зүйлүүд олон бий. Ардын болон завхай дууг найранд хориглодог. Уртын дууг дуулдаг. Гурав хоног, тав хоног найрлахад дуу давтагдахгүй, уртын дууны арвин сантай байсан гээд эртний хурим найраас одоо үргэлжлүүлвэл их олон зүйл бий.
Хуримлаж байгаа хосууддаа хэлэхэд эртний сайхан Монгол зан заншлаа энэ цаг үетэйгээ уялдуулан зөв авч явах, цаашид үр хүүхдэдээ өвлүүлэх нь тун чухал.
Дуутай, хууртай зөв сайхан цэнгэж, тоонотой гэрт толгой холбож, тогтвортой айл гэр болоорой гэж гал голомтоо үүсгэж буй залуустаа ерөөе дөө.