card

МӨРӨӨДЛИЙН ХУРИМАА ХИЙЖ ЧАДСАН БИ АЗТАЙ ХҮН

247 ширхэг улаан сарнайг бариад тангаргаа уншиж өгч байлаа

Хосын орчлонд даль жигүүрээ олон хорвоог хамтдаа туулж, жаргал зовлон бүхий л үед хамтдаа байх амлалтаа өргөн хуримаа хийнэ гэдэг амьдралын хамгийн сайхан мөч. Энэ л сайхан мэдрэмжийг мэдэрч хуримласан хосуудыг урьж оролцуулдаг “Миний хурим”-ын ээлжит зочноор ТV Коктейль хамтлагийн жүжигчин, хөтлөгч Э.Цолмонбаярыг урилаа.

                                                            


Сайн байна уу? Уран бүтээл өндөр үү?

Юуны өмнө хурим.mn сайтынхаа уншигчдад болон танай хамт олонд зуны зугаатай сайхан өдрийн мэнд хүргэе. Уран бүтээл өндөр сайхан байна. “Яг түүн шиг” шоу гээд ид завгүй л явна даа. Шоуны маань хагас финал 7 сарын 1 нд, төгсгөлийн финал 7 сарын 8 нд болно.

Ханьтайгаа анх хэрхэн танилцаж байсан дурсамжаасаа хоёулаа яриагаа эхлүүлэх үү? Сайтын уншичид  маань ч их сонирхож байгаа байх ...

Анх бид хоёр 2001 онд танилцаж байлаа. Би СУИС-ийн 2-р курсийн оюутан байсан үе. Жүжигчин Бархүү бид хоёр нэг анги. Хэлний сургуулийн оюутнуудын урлагийн үзлэгийг бэлдэж өгөөд нөгөө хэд маань түрүүлээд бөөн баяр. Тэгээд хоёр ангиараа шифлээд найзууд болоод сайхан нөхөрлөсөн. Урлагийн сургуулийнхан чинь өглөөнөөс үдэш болтол сургууль дээрээ өнждөг, тухайн үедээ их ч өлсөнө. Тэр үед нөгөө шиф сургуулийнхан ирж бидэнд их ч пирошки авч өгсөн дөө. /инээв/

Нэг өдөр Бараа бид хоёрыг хамт төрсөн өдөрт явъя, та хоёр их хөгжилтэй юм чинь очоод гоё хөгжөөгөөд өгөөч, манай нэг найзын төрсөн өдөр гээд бид хоёр ч дуртайн аргагүй явлаа. Тэгээд очтол төрсөн өдрийн эзэн ирээдүйн манай гэргий байсан юм. Анх хараад л дин дин дин гээд л /инээв/. Ёстой л нөгөө анхны харцаар дурлана гэдэг нь болсон доо. Тэр оройжин сэм сэм хараад л, хааяа харц мөргөлдөөд л. Тэгээд байнга бодоод уулзах шалтаг хайж яваад хоёулаа хааяа уулздаг, манай сургууль дээр ирдэг байснаа манай хүн гадагшаа яваад хэсэг холбоогүй болсон юм. Тэгээд нэг өдөр гэнэт санаандгүй таараад "хүүш чи сайн уу? би сайн..." болоод ахиад хоёулаа хааяа уулздаг болсон доо /тэр үед одоог бодвол их даруулгатай байсан болохоор кино үзэж хамт алхахаас хэтрээгүй/. Удалгүй би сургуулиа төгсөж  хамтлагийн ажил, кино, нэвтрүүлэг гээд, манай хүн ч бас сургуулиа төгсөөд хэсэг завгүй холбоогүй болсон.

Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг бүр сүүлд  2012 онд facebook-ээс ахиж олж хараад “Сайн уу? чи мөн үү? Би Цоомоо байнаа” гээд л бичээд үлдээсэн нэг хоногийн дараа манай хүнээс хариу ирээд хоёулаа чатлаад, би ч эрэгтэй хүний эхний асуулт “Хүнтэй суусан уу?” гээд л асуусан манай хүн үгүй ээ, харин чи суусан уу? гээд тэгээд л бөөн баяр хоёулаа чатлаад эргээд холбоотой болсон. Тэр жилийн өвлийн амралтаар ирэхэд нь уулзаад, дараа жилийн цагаан сараар бэр гуйгаад л эхэлж байлаа. Анхны харцаар учирсан тэр учралаас хойш зөндөө олон салж нийлсэн ч гэсэн учрах ёстой хүмүүс  байсан болоод бид хоёр нийлсэн дээ.

                                              

Та гэрлэх саналаа хэрхэн тавьж байсан бэ? Тэр үеийн дурсамжийг эргээд сөхвөл?

Одоо бол кинон дээр гардаг шиг гоё гоё гэрлэх санал тавьдаг болсон байна ш дээ. Тэрийг хараад л манай эхнэр надаас “Чи надад яг гэрлэх санал тавьсан уу?” гээд л асуудаг юм. Миний гуйлт, гэрлэх санал хоёр зэрэг явагдчихсан юм. Зуны амралтаар ирээд буцахын өмнө би Солонгос руу ажлаар явж таараад Солонгосоос ирэхдээ хос бөгж аваад буцахаас нь өмнө найз охиноо бүх найз охидуудтай нь нэг караокед дуудаад, өөрийнхөө найзууд урлагийн дүү нараа бүгдийг нь дуудаад аягүй гоё үдэлт хийж өгсөн. Ах нь хайртай бүсгүйгээ гуйна та нар туслаарай гээд дүү нар ч гоё сэтгэлээрээ тусалсан. Төрийн соёрхолт Ариунбаатар тухайн үед оюутан, анхны уран бүтээл нь гарчихсан нөгөө гоё дуугаа дуулаад л би бүх найзуудынх нь өмнө гуйгаад бөгжөө өгөөд манай хүн баярлаад зөвшөөрөөд тэгж л гуйж байлаа.

Хуримын бэлтгэлээ хэрхэн хийж байсан бэ? Хуримын үйлчилгээ эрхэлдэг газарт хандаж байсан уу?

Бид хоёр чинь сүүлд учирснаасаа хойш байнгын холбоотой байлаа. Манай хүн Японд би Монголд, хэдий хоёр талд байсан ч байнгын яриастай, интернетээр холбоотой байгаад л амралтаар ирэх үед нь уулздаг, бие биенээ санаад уулзах шалтаг хайгаад би ажлаар Солонгост очсон үед манай хүн Японоос ирдэг хоёр биерүүгээ тэмүүлээстэй. Сүүлд нэг удаа Солонгост уулзаж байхдаа бид хоёр ярилцсан юм. Манай эхнэр би Монголд очиж амьдрахаа яг шийдэж чадахгүй байна, энд надад их гоё санал тавьсан. Чи Японд ирж амьдарч чадах уу? гээд. Миний хувьд арван хэдэн жил зүтгэж байж босгосон хүсэл мөрөөдлийн ажлаа хийгээд ид хийж бүтээж байсан үедээ Японд амьдарна гэдэг яагаад ч сэтгэлд буухгүй байлаа. Тэгээд л хоёр талд амьдраад л яг шийдэлд хүрч чадахгүй байж байтал манай хүнд эрүүл мэндийн асуудал тулгараад нутагтаа ирэхгүй бол болохгүй болоод би ч хөөцөлдөж явж Монголдоо авчраад эмнэлэгт хэдэн сар сахиад хамт байлаа. Тухайн үед манай ах эгч нар намайг гэр бүлтэй болгох бөөн хүслэн байсан хүмүүс чинь ашгүй одоо нэг ханиа оллоо гээд бид хоёрын  хуримыг шавдуулаад Архангайд очиж бэр гуйгаад л эхэлж байлаа. Хурим хийхэд манай эхнэрийн бүр анх надад хэлж байсан нь их нөлөөлсөн. Хэрвээ би чамтай амьдарвал чи хуримаа хийх үү? гэж асууж байсан. Би чиний юу хүссэнийг хийнэ. Хурим хийвэл цуутай сайхан хурим хийнэ гээд л бэр гуйснаасаа хойш нэг жилийн дараа хуримаа хийж байлаа.

Хуримын үйлчилгээ эрхэлдэг газарт бол хандаж байгаагүй. Яг тэр үеэс л энэ үйлчилгээ дөнгөж эхэлж байсан. Гэхдээ манай урлагийн найзууд бол хуриманд минь чин сэтгэлээсээ тусалсан. Цоомоо чиний хуриманд бол тусална шүү гээд Алтантүрүүгийн эхнэр “Kiss FM”-ыг ажиллуулдаг байсан манай найз Гэрэлээ манай хуримын чимэглэлийг хариуцаж Баянгол рестораныг битүү гоё чимэглээд л, манай “Fantastic”-ийн дүү нар хуримын ерөнхий зохион байгуулалтыг хариуцаж бүгдийг даатга гэсэн боловч би чинь өөрөө олон хурим зохион байгуулж байсан хүн өөрийнхөө хуриманд оролцохгүй байж чадахгүй юм байна лээ. Гол нь эхнэрээ баярлуулж сюрпприз барих байсан болохоор өөрөө оролцож хуримаа хамгийн сайхнаар хийж чадсан.

Бид хоёрын хамгийн том алдаа бол залуу насны гол дурсамж хуримын гэрэл зураг, видео маш бага. Студид авахуулсан хэдхэн зурагтай. Одоо бол их гоё, хуримаасаа хэд хоногийн өмнө хувцсаа сонгоод бүр гоё натурт очиж зургаа авахуулдаг их сайхан болжээ. Гэхдээ би бас их азтай, ёслолын ордонд ороход гэрэл зурагчин нь “Цоомоо хуримаа хийж байна” гээд гэрлэх ёслолын ордон доторх бүх үйл явцын болон бүр гандан зайсан руу дагаж яваад зургуудыг минь дараад альбом болгоод өгч байсан. Тэр бас их гоё гэнэтийн бэлэг байсан.

Та мөрөөдөж  байснаараа хуримаа хийж чадсан уу?

Анх бол би аав ээж минь бурхан болсон учраас хуримаа хийнэ гэж  бодож байгаагүй. Эхнэртэй болоод ханийнхаа аав ээжийг баярлуулаад мөрөөдлийн хуримыг нь хийж өгнө гэж бодоод хуримаа төлөвлөж дотроо төсөөлж эхэлсэн. Би өөрөө олон хурим хөтөлж, зохион байгуулж явсан болохоор надад хуримын туршлага арвин. Би яг мөрөөдөж байснаараа хуримаа хийж чадсан. Яагаад гэвэл надад бүх боломж нь байсан. Миний хуримын эхний хэсгийг Цоодол ах Чимэгээ эгч хоёр хөтөлсөн, хуримын хоёрдугаар хэсэг бол хөтлөгчдийн өрсөлдөөн болсон гэж хэлж болно доо. /инээв/ Анууш, Ууганаа, Чапи, Өөскө, Шагай гээд бүгд ээлж дараалан гарч ирээд ёстой жинхэнэ цуутай хурим болсон доо.

Та “single bye party” хийсэн үү? Хэрвээ тийм бол таны ганц бие амьдралыг найзууд, хамтлагийн залуус тань хэрхэн үдэж өгсөн бэ?

Хийгээгүй ээ. Бид нар чинь 80-аад оныхон даруухан даруулгатай, тийм сэтгэхүй, ойлголт байхгүй хүмүүс. Хуримынхаа урд орой маргааш хурим минь ямархуу болох бол? Миний сюрпризийг эхнэр минь хэрхэн хүлээж авах бол? гээд л сандарч явлаа.

                              

 

Хуримынхаа үеэр эхнэртээ барьсан гэнэтийн бэлгийнхээ талаар эргээд дурсъя л даа?

Би өөрөө олон хурим хөтөлж байсан болохоор тиймэрхүү гэнэтийн бэлгүүдийг мэднэ л дээ. Хуримлаж байгаа хоёр хоёулаа ярилцаад хийвэл их гоё болдог. Тэгэхгүй нэг нь их чөлөөтэй байхад нөгөөх нь биеэ бариад л, ичээд л, санаа нь зовоод байхаар нэгийгээ эвгүй байдалд оруулах тохиолдлууд их харагддаг.  Манай эхнэр чинь их даруухан, эдийн засагч хүн, тийм учраас би эхнэрээсээ асуусан. Манай хүн яахын бэ хайраа гэсэн. Би харин эхнэртээ сюрприз бариад хайрын тангараг гэж бичээд тэнд цугласан зочдын өмнө аав ээж, найз нарынх нь өмнө 247 ширхэг улаан сарнайг бариад тангаргаа уншиж өгч байлаа. Бидний ард гавьяат Наран эгч “Welcome to my heart” дуугаа дуулаад эхнэр минь огшиж уйлаад, биднийг тойрч улаан сарнай хамтлаг бүжиглээд бид хоёр дунд нь бүжиглээд үнэхээр сайхан байсан. Танай сайтад ярилцлага өгөх их сайхан байна. Эргээд яг хуриман дээрээ очсон юм шиг тэр сайхан дурсамжаараа аялаад ярих үнэхээр сайхан байна.

Таны бодлоор хурим тань юугаараа онцлогтой байсан бэ?

Би өөрөө урлагт хөл тавиад ид үедээ байсан, тэрнээс гадна би урлаг дотроо ямар гоё нэр хүндтэй байгаагаа хуриман дээрээ мэдэрсэн. Миний хуримын гол онцлог ямар нэгэн зиндаархал, илүүрхэл байгаагүй. Бүх зүйл энгийн, жирийн нэгэн залуугийн халуун дотно хурим болж чадсан. Өндөр зардалтай, хэт тансаг хуриманд очихоосоо илүү энгийн хуриманд хүмүүс  очих дуртай байдаг. Тэнд жинхэнэ үнэн байдаг учраас би тийм л хурим хийхийг хүссэн. Бас нэг онцлог гэвэл ирсэн зочдын гуравны нэг нь урлагийнхан, спортынхон алдартай залуус байсан. Хараад л надад үнэхээр сэтгэл бахдам байсан. Би чинь үеийнхээсээ хожуу гэр бүлтэй болсон учраас манай найзууд чин сэтгэлээсээ баярлаж хөөрч байсан. Урлагийн буян, найзуудын ачыг жинхэнэ мэдэрсэн сэтгэлээр бялхсан баян хурим болсон.

Бал сараа хэрхэн өнгөрүүлсэн бэ?

Хэрвээ хурим хийдэг л юм бол жинхэнэ утгаар нь хуримаа хийж, бал сараа хамгийн гоё арал дээр нь тэмдэглэнэ дээ гэж боддог байлаа. Мөрөөдлөө биелүүлж чадсан. Бал сар ярьсан чинь нэг инээдтэй зүйл санаанд орлоо. Хуримынхаа шөнө бид хоёр найзуудтайгаа хоносон ш дээ. Хосууд хоёулханаа хонодог байтал бид хоёр, хоёр талынхаа найзуудтай Баянголынхоо гурван давхарт өрөө аваад шөнөжин бут аваад өглөө нь нар мандаж байхад хуримынхаа хувцастай, найзууд бүгд костюмтайгаа бүгдээрээ бүллрүү явж байлаа. Энэ бол үнэхээр галзуу дурсамж. Эхнэрээсээ нууцаар бал сараа тэмдэглэх гоё газар найз нөхдөөсөө асууж байгаад Бали арлыг зорьж байлаа. Найзууд зөвлөсөн л дөө, хол гэхгүй бол европ руу Эбиза арал байна, Америк руу Хавай арал байна энэ хоёр бол үнэхээр супер. Гэхдээ бал сард бол тохиромжгүй дэндүү хол, хамгийн тохиромжтой нь Бали арал байдаг гэж зөвлөсний дагуу гавьяат Бадар-Ууган болон гавьяат эмч Наранбаатар нартайгаа гурван гэр бүлээрээ явж байсан. Эхнэр бөөн баяр. Би чинь сэтгэл хангалуун Бээжин дээр буугаад байж байтал гавьяат Сараа эгч Wechat-р “Цоомоо бал сар хаашаа явж байна сайхан амраарай" гээд бичиж байна. Би ч "Бали явж байна" гээд л бичтэл "Визээ авсан уу? Индонез визтэй ш дээ..." гэдгийн. Бид нар одоо яаанаа, ийнээ болоод л Сараа эгч "За бүр болохгүй бол Сингапурт буугаад энэ утас руу яриарай! туслана..." гээд л хөгжмийн продюсерынхээ дугаарыг өгсөн. Бид нар Бээжинд Индонезийн элчин дээр очоод хуримын гэрчилгээгээ үзүүлээд "бал сараа тэмдэглэхээр Бали явж байна ..." гээд л хамаг зовлон жаргалаа ярьж гуйгаад л дөрвөн цагийн дараа Индонезийн элчин виз гаргаж өгч байсан. Цаанаасаа бүтэх юм бүтдэг юм байна лээ. Бөөн адал явдалтай хүмүүс Бали арал дээр очсон. Үнэхээр мөрөөдлийн бал сар байсан. Яг бал сараа тэмдэглэж байгаа хоёрт бөөн бөөн сюрприз хөнгөлөлтүүд байдаг юм байна лээ.

Хуримын ойгоо тэмдэглэдэг үү?

Би хуримаа 2013 оны 10 сарын 12 нд хийж байсан юм. Хуримынхаа өдөр бид хоёр хуримын гэрчүүдтэйгээ, бал сар хамт тэмдэглэсэн найзуудынхаа гэр бүлүүдтэй сайхан хоолонд ороод караокедоод л тэмдэглэдэг дээ.

Хуримаа хийх гэж байгаа хосууддаа юу гэж зөвлөмөөр байна. Хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

Хуримаа хийх гэж байгаа хосууд болон хурим хийхээ төлөвлөгөөгүй байгаа хосуудад хандаж хэлэхэд ер нь бол заавал тансаг сайхан гэлтгүй өөрт тохирсон хуримаа хийх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна. Эмэгтэй хүн байнга хатан шиг амьдарч чадахгүй ш дээ. Гэр орон, үр хүүхэд, тэгээд л биднийг оройтоход нойроо хугаслаад л хүлээдэг бүсгүй хүний мөрөөдлийг биелүүлээд хуримын даашинзыг нь өмсгөөд нэг тултал нь баярлуулах хэрэгтэй гэж боддог. Эмэгтэй хүн бүхэн мөрөөдлийн залуугаа сугадаад хуримын даашинзаа өмсөөд өөрийнхөө сонгосон залуугаа гэр бүл найз нөхөд хамаатан садныхаа өмнө танилцуулаад, амлалтыг нь аваад, ханиараа бахархахыг хүсдэг. Хүслийг нь биелүүлээд амьдралд ганц тохиох хуримыг нь заавал хийж өгөөрэй залуусаа. Хуримын төлөвлөгөөгөө гаргаад эртнээс бэлдээд, мөнгөө цуглуулаад, өөрсдийн хүчээрээ хуримаа хийх сайхан шүү дээ. Хамгийн гол нь цагийн тулгаж болохгүй. Бас хэтэрхий их сүржигнэхгүй сайхан Монгол ёс заншлаа мөрдөөд, өөр өөрсдийн боломж бололцоондоо тохирсон сайхан хурим хийх хэрэгтэй.

Хурим хийх нь амьдралын зайлшгүй чухал үйл явдал мөн үү? Мөн бол яагаад?

Миний бодлоор бол мөн гэж боддог. Амьдрал дээр хуримаа хийгээд амьдарч байгаа хүмүүсийн салалт ч харьцангүй бага байдаг. Учир нь гэвэл бүх зүйлийг бодож байж ёс төртэй бэр гуйж, уригдсан зочдын өмнө хоёр хос тангарагаа өргөөд гал голомтоо бадраадаг учраас амьдралд илүү хариуцлагатай ханддаг.  Бас нэг чухал зүйл бол өөрийнхөө аав ээжид болон ханийнхаа аав ээжид тэр бүр хэлж чаддаггүй сэтгэлийн үгээ хэлэх боломж бүрддэг нь хамгийн сайхан.

Сайхан хайрын түүхээрээ биднийг аялуулсан танд маш их баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал, ариун сайхан бүхнийг хүсье.