card

МОНБЕЙКЕРИ ХХК-НЫ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Г.ХАШ-ЭРДЭНЭ: БЯЛУУ БОЛ СЭТГЭЛ ШИНГЭСЭН БҮТЭЭЛ, УР ЧАДВАР ШИНГЭСЭН УРЛАГ ЮМ

Хуримын сарууд эхэллээ залуусаа. Хамгийн сайхнаар хуримаа төсөөлөн бэлтгэж байгаа хосууддаа зориулан Hurim.mn сайт мэргэжилтнүүдийн зөвлөгөө, мэдээлэл, энэ жилийн хуримын трендүүдийг хүргэсээр байна. Энэ удаад бидний зочноор Монбейкери ХХК-ны менежер Г.Хаш-Эрдэнэ уригдаж, хуримын бэлтгэлийн нэгэн чухал  хэсэгт зүй ёсоор багтах “Хуримын бялуу”-ны тухай амттай яриаг өрнүүллээ. Нэг талаас захиалагч, нөгөө талаас мэргэжилтнүүдийн хамтын бүтээл, хамгийн ихээр сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн учраас бялуу бол бүх цаг үеийн хамгийн сүнслэг /амьд/ амттанд зүй ёсоор тооцогдоно...

Сайн байна уу? Гэгээн өдрийн мэнд хүргэе! Хоёулаа ярилцлагаа Монбейкери ХХК-с эхлэе. Танай компани монгол улсын бялуу урлалын түүхэнд ямар дэвшлийг авчирсан бэ?

Сайн байцгаана уу? Hurim.mn сайтын нийт уншигчиддаа өдрийн мэнд хүргэе! Манай компани анх 1998 онд байгуулагдсан. Саяхан бид 20 жилийн ойн баяраа тэмдэглэж, ажил, амжилтаа бататгалаа. 1998 он руу эргэж харвал тухайн үед Монгол улсад бейкери гэдэг ойлголт төдийлөн байгаагүй. Талх, нарын боов хийх салбар хөгжлийнхөө эхэн үед  байсан. Манай компани Солонгос технологийг нутагшуулж, анхны бейкериг нээж байлаа.  Түүнээс хойш тасралтгүй 20 жилийн туршид бид энэ салбартаа шинийг эрэлхийлж, бүтээсээр жил ирэх тусам хэрэглэгчдийн тоо өссөөр байна. Тухайн үед, бялуу урлалын тухайд фрэш кремтэй, жимсээр чимэглэсэн бялууны тухай төсөөлөл хэрэглэгчдэд байгаагүй.  Энэ тухайд монбейкери цаг ямагт тэргүүлэгч байж, олон улсад ямар бялуу тренд болж байна тэр бүхнийг монгол хэрэглэгчиддээ цаг алдалгүй хүргэж ирсэн. Бид Монголдоо анхдагч байхыг зорьж ажилладаг. Түүндээ ч хүрч байгаа гэж боддог.

Бялуу гэдэг бүтээгдэхүүн үргэлж хүний аз жаргалтай мөчид хамт байдаг шүү дээ, мэргэжилтний зүгээс бялууг та хэрхэн тодорхойлох вэ?

Бялуу урлал бол хүмүүст аз жаргал бэлэглэх, хамгийн сайхан мөчийг нь хуваалцах тийм нандин урлал. Бид бүтээгдэхүүнээ урлахдаа ч гэсэн аз жаргалтай байдаг. Нэг талаас энэ бол бидний сэтгэл шингэсэн бүтээл, нөгөөтэйгүүр бялуу бол ур чадвар шингэсэн урлаг юм даа.

Хурим, бялуу 2 хоорондоо яаж холбогдох вэ?

Бялуу тэр дундаа хуримын бялуу бол манай компаний брэнд бүтээгдэхүүн. Хуримын бялуу нь хуримлагч хосуудын хамгийн хүндтэй зүйл шүү дээ. Бидний санал болгож буй бялууны төрөл маш олон бөгөөд тухайн хэрэглэгч анх манай байгууллагыг сонгосноос эхлээд хуримын бүх төлөвлөгөө, үзэл бодолд нь тулгуурлаж харилцан ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр бид ажлаа эхэлдэг. Энэ бол хамтын бүтээл. Захиалагч, хэрэглэгчид маань бидэнд санаагаа хэлнэ, харин бид технологи, амт, түүхий эдээ санал болгоно.

Танай хамт олны хувьд хамгийн сэтгэлд тод үлдсэн хуримын бялууныхаа тухай хуваалцахгүй юу?

Бидний хувьд бүх бялуу онцгой. Тэд хэзээ ч дахин давтагдашгүй. Урлаж буй бүх бялуугаа л хамгийн хамгийн гэж хэлмээр байна. /Инээв/. Нөгөө талаас бялуу бол маш эмзэг бүтээгдэхүүн, бялууны санааг маш удаан бодож боловсруулдаг, зөвхөн бялуу гэхээсээ илүү дагалдах бүтээгдэхүүнүүдийг ч онцгой байлгах ёстой. Манайх хуримд зориулж төрөл бүрийн хэмжээтэй 1-9 давхар бялуу хийдэг. Туслах бүтээгдэхүүнтэйгээ нийлээд бараг 3 ширээ дамнуулан тавих нүсэр бүтээлийг ч бид хийж байсан.

Ямар бялуу хуримд төгс зохицох вэ?

Сүүлийн 5 жил монгол залуус хуримаа маш өргөн хэмжээнд тэмдэглэдэг болсон. Энэ жилийн тухайд хуримын бялууг тэд эдэн давхар гэж өндөрлөөд байхаас илүү дагалдах, хослох бүтээгдэхүүнүүдийнх нь хамт хажуу тийшээ тарааж тавих ширээ засалт, хандлага ажиглагдаж байна. Бидний зүгээс яг ийм л бялуу төгс зохицно гэхээс илүү, хэрэглэгчдийн санаа, сэтгэлд бүрэн нийцсэн бялууг хийж өгөхийг илүүд үздэг. Цаг үеэ дагавал бялууны төрөл, хийц жил бүр шинэчлэгдэж байна. Гэхдээ тухайн жилийн тренд бүх хосод нэгэн жигд таалагдана гэдэг нь өрөөсгөл ойлголт юм л даа. Тиймээс таны хуримын бялуу ямар байгаасай гэж хүсэж байна, яг түүнийгээ л бидэнд захиалах нь зүйтэй.

Хуримын бялуу захиалахдаа юун дээр анхаарах  хэрэгтэй вэ?

Юун түрүүнд ямар газарт хандаж байгаагаа анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн өндөр ур чадвартай олон жилийн түүхтэй газаар хандаж байгаа бол амт чанарт нь санаа зовох хэрэггүй гэж зөвлөе. Бялуу урлаач байгууллагатайгаа нэг удаад хангалттай цаг зав гаргаж уулзах нь чухал. Та ямар бялуу хүсэж байна тэр санаагаа маш цэгцтэй, дэлгэрэнгүй ,  зөв илэрхийлж мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх хэрэгтэй. Хурим болохоос дор хаяж 5-7 хоногийн өмнө ирж захиалгаа өгөөрэй. Мэдээж хурим төлөвлөж, зохион байгуулдаг мэргэжлийн багтай хамтарч ажиллавал  хуримынхаа бэлтгэлийн жижиг зүйлсийг ч мартахгүйгээр санаа амар байж болно шүү дээ.

Хуримын бялуу захиалахад гаргадаг алдаа?

Бялуугаа захиалах хугацааг тулгах нь хосуудын хамгийн түгээмэл алдаа. Маргааш  хурим болох гэж байхад өнөөдөр бялуугаа захиалахаар ирэх жишээтэй. Нөгөө талаас хурим болох ресторантайгаа сайн ярилцаж тохирох хэрэгтэй. Манай бялуу, ийм ийм хэмжээтэй, тэдэн төрлийн дагалдах амттануудтай тул бялуу засах ширээ ийм байвал зүгээр гэх зэргээр ресторандаа урьдчилан анхааруулах нь хуримын өдөр гарч болох багахан эрсдэлээс ч сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм шүү. Эцэст нь удахгүй хуримаа хийхээр бэлдэж байгаа бүх хосууддаа аз жаргал, эрүүл энх, хэмжээлшгүй их хайрыг хүсье. Таны жаргалтай мөч бүрд Монбейкери үргэлж хамт байх болно.

Ярилцсанд баярлалаа, танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Баярлалаа.