card

ҮСНИЙ ГОЁЛОО СОНГОХОД СҮЙТ БҮСГҮЙН АНХААРАХ 5 ЗҮЙЛ

Мэргэжилтэн зөвлөж байна: Хуримын өдрөөрөө төгс харагдах нь жижиг зүйлсээс эхэлнэ. Тиймээс жижиг зүйлд ч ач холбогдол өгөөрэй.

Эр хүн удмаа залгуулдаг, эмэгтэй хүн уламжлалаа өвлүүлдэг гэж манай нийтлэлийн зочин бүсгүй хэлсэн нь санаанд тод үлджээ. Үнэхээр монгол эмэгтэй, язгууртан хатдын зүүсгэл гоёл  бол бүхэлдээ бидний эдийн өв соёл, зан заншлын толь гэлтэй.

Түүхээ судлавал, XVII-XIX зууны монгол эхнэрүүдийн толгойн гоёл, оройвч нь дундад эртний монгол хатдын богтог малгайн уламжлалыг хадгалсан ба алт мөнгөөр урласан жижиг дугуй суурьтай, шүр сувдаар чимэглэсэн чамин тансаг эдлэл байжээ. Халх эхнэрийн гоёл чимэглэлд толгойн боолт, үсний гэр, үсний хавчаар, энгэрийн гуу, хүзүүний зүүсгэл, ээмэг, бөгж тэргүүтэн багтана. /Эх сурвалж: Монголын Үндэсний Музей/

Найман жилийн туршлагатай, салбартаа анхдагч Их Хатдын Гоёл ХХК-ны /https://www.facebook.com/profile.php?id=100008600341276/ Хатан брендийн ерөнхий аксессуар дизайнер Л.Мөнх-Ариун хуримаа хийхээр бэлтгэж байгаа сүйт бүсгүй танд дараах зөвлөмжийг манай сайтаар дамжуулан хүргэж байна. Анхаарлаа хандуулна уу.

1. Толгойн гоёл нь үндэсний болон европ гэсэн ерөнхий хэв маягтай байдаг. Хэрвээ бүсгүй та бусдаас өөртөө итгэлтэй, хүчирхэг харагдахыг хүсэж байвал европ толгойн гоёлыг сонгоорой. Энэ төрлийн толгойн гоёл, зүүсгэл нь хуримын зураг авалт хэсэгт тохиромжтой. Харин үндэсний хэв шинжийг агуулсан толгойн гоёл чимэглэлийг хуримынхаа онцгой хэсэгт зориулж ёслолын дээл хувцас тэргүүнтэнд тохируулан сонгох нь зүйтэй. Энэ нь таны гоо үзэсгэлэнг илүү тодотгож, энхрий ялдам, “монголжингоо” харагдуулахад тусална.

2. 2018 оны хавар/зуны үс ба толгойн гоёлын гол тренд нь “HAND MADE STYLE” бөгөөд хийцийн хувьд гар ажиллагаа их шаардсан, дахин давтагдашгүй атлаа энгийн байхад чиглэнэ.

3. Харин энэ оны үс ба толгойн гоёл чимэглэлийн зонхилох өнгө бол номин ногоон, усан яагаан, цайвар цэнхэр гэх зэрэг завсрын “нууцлаг” өнгүүд юм.

4. Та хуримынхаа гоёл чимэглэлийг сонгохдоо нүүрний хэлбэр, царай төрхөндөө тохирч буй эсэхийг сайтар анхаарах хэрэгтэй ба нүүр царайны тань үзэсгэлэнтэй хэсгүүдийг тодотгож нөгөө талаас өө сэвийг далдалж чадахуйц тийм төгс хийц, чанарыг сонгоорой.

5. Хуримын бэлтгэлийн нөр их ажлын дэргэд сүйт бүсгүйн гоёл чимэглэл жижиг зүйл мэт боловч эдгээр нь таны сонгосон даашинзны өнгө загвар, царай төрх, бие галбир, тухайн өдрийн нүүр будалт зэрэгт төгс тохирсон байх нь чухал. Толгойн гоёл, зүүсгэлд нарийн ажиллагаа, хийц шаардагддаг тул яг танд тохирсон гоёмсог эдлэл бүтээхэд хамгийн багадаа бүтэн долоо хоног зарцуулна гэдгийг битгий мартаарай.