card

УДААН ХҮЛЭЭСЭН ТЭДНИЙ ХУРИМ...

Д.НАМСРАЙНОРОВ: ХУРИМ ГЭДЭГ АМЬДРАЛД ГАНЦ ТОХИОХ ЗӨВХӨН ТАНАЙ ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН НАНДИН БАЯР ЮМ ШҮҮ

УДААН ХҮЛЭЭСЭН ТЭДНИЙ ХУРИМ...

     Хамгийн сайхан энергийг би эндээс л мэдэрдэг. Тэд ч бас баярладаг. Аргагүй шүү дээ, амьдралынх нь баярт мөчийн тухай эргэн сануулж байгаа болохоор... “Миний хурим”-ын зочид хуримынхаа тухай дурсахдаа инээмсэглэл тодруулж, хайр гэрэлтүүлсээр ирдэг. Тэр сайхан энергийг би хуваалцдаг гэхээр азтай байгаа биз. Анхны зочид маань “Дурлан дурлан хайрладаг” залуугийн гэр бүл. Тийм ээ, энэ бол СТА Д.Намсрайноров түүний гэргий Ц.Баярчимэг.


 Д.Намсрайноров:  " Хурим гэдэг амьдралд ганц тохиох зөвхөн танай гэр бүлд зориулсан нандин баяр юм шүү... "


 

УДААН ХҮЛЭЭСЭН ТЭДНИЙ ХУРИМ...

Сайн байцгаана уу? Зуныг хайрын улирал гэж ярих хүмүүс олон. Зуны намуухан үдэш хайраар бялхасан сайхан хосуудтай уулзаж байгаадаа баяртай байна. Хайрын түүхээ хэрхэн эхлүүлж байсан, хэзээ танилцаж байсан гээд нандин мөчөөсөө бидэнтэй хуваалцаач.

Намсрайноров: Юуны өмнө хурим.mn сайтын уншигчиддаа болон танд энэ сайхан оройн мэндийг хүргэе. Ханьтайгаа 2005 онд караокед танилцаж байсан. Манай дүүгийн найзын ангийн охин байж таарсан. Анхны харцаар л дурласан даа. Танилцаад хэсэг хугацаанд холбоо тасарсан. /Тодруулбал 2 жил/ Тэгээд учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг бурхан бид хоёрыг эргээд уулзуулсан. /инээв/ Яасан бэ гэхээр, оюутан залуу хашаа байшин хөлсөлтөл ирээдүйн эхнэртэйгээ бараг л хөршүүд болсон байсан. Тэгээд л нэг сайхан нартай өдөр хэзээний танилууд шиг уулзалдаад л гэрт нь орчихсон. Түүнээс хойш бид салаагүй дээ.

Та гэрлэх саналаа хэрхэн тавьж байсан бэ?

Намсрайноров: Хагас жил үерхсэний дараа үрийн зулай үнэрлэх мэдээ аваад нистлээ баярлаж билээ. Гадаа гараад чангаар “Би аав боллоо” гээд хашхирмаар санагдаж байсан. Сайхан мэдээ сонссон, хөөрсөн хүн гэрлэх санал тавихаар шийдээд бэлдэж эхэлсэн. Оюутан хүн чинь боломж тааруухан шүү дээ. Аав ээжийнхээ өгсөн автобус хоолны мөнгөнөөс илүүчилж хураасан мөнгөөрөө нарийхан монетон бөгж аваад сөхөрч байгаад надтай гэрлээч гэж гуйсан даа. / инээв /

 

Эмэгтэй хүний хувьд хайртай хүнээсээ гэрлэх санал авна гэдэг сэтгэл догдлом мөч. Ханых нь гэрлэх санал гэнэтийн байсан уу? Тэр мөчид юу бодогдож байсан бэ?

Гэргий: Гэнэтийн байлгүй яахав. Үнэхээр төсөөлж байгаагүй. Маш их баярлаж хүлээж авсан. Анхны үрээ тээж байсан амьдрах нь тодорхой болчихсон байсан учир гэрлэх санал тавина гэж төсөөлж байгаагүй учир маш их сэтгэл хөдөлж баярлаж хүлээж авсан.

Ямар нэгэн айдас байсан уу?

Гэргий: Ямар ч айдас байгаагүй ээ.  Энэ орчлонг хамт туулах хайртай хүн минь гэрлэх санал тавьсан болохоор харин ч сэтгэл амараад ирээдүйдээ итгэх итгэл минь нэмэгдсэн.

Гэрлэх санал тавьж байх үеийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

Намсрайноров: Тод үлдэхээр хөгжилтэй зүйл болоогүй шууд л зөвшөөрч байсан.

Өнгөрсөн жилийн бас нэгэн дуулиантай хурим танай хурим байсан. Яагаад тахиа жилийг сонгох болсон? Хуримын бэлтгэлээ хэрхэн хийсэн гээд туршлагаасаа хуваалцаач?

Намсрайноров: Амьдралд ганц тохиох хуримаа хийнэ дээ гэж бодоод л яваад байсан. Хүүхдүүд ч арай том болоод өөрсдөө ч бүр хөгширхөөсөө өмнө гээд л зориглоод өнгөрсөн жил хийсэн. Хуримын ерөнхий зохион байгуулалтыг Г.Ганцэцэг гээд хуурай эгч маань хийж байсан. Баярын бусад бэлтгэл ажлыг BRAND MEDIA GROUP-ийн чадварлаг залуус хариуцаж зуун хувь сэтгэлд нийцтэл хийж өгсөн. Хуримын зураг авалт видеог VENLIS студийн хамт олон хариуцсан.

Гэргий: Үнэхээр мөрөөдөж байсан хуримаа хийж чадсандаа маш их баяртай байдаг. Хуримын бэлтгэл ажил маш их байдаг юм байна лээ. Хуримаа хийх гэж байгаа хосууддаа хэлэхэд эртнээс төлөвлөж байгаад хийх хэрэгтэй юм байна лээ. Хань минь миний мөрөөдөж байсан даашинзыг авч өгсөн. Эмэгтэй хүн хуримаараа хамгийн төгс байхыг хүсдэг. Ханьдаа маш их баярлаж явдаг.

Намсрайноров: Бид хоёрын хуримын ёслолд олон хүмүүс чин сэтгэлээсээ тусалж хамт байсан. Монгол уламжлалт хувцсыг хадам эгч маань оёж өгч байсан. Сэтгэлийн үгээ хэлэх давлагаа өрнөөд байх шиг байна. / хадам эгчдээ маш их баярладаг шүү инээв/.

Та  хоёр мөрөөдөж  байснаараа хуримаа хийж чадсан уу?

Намсрайноров: Хуримаа хийнэ дээ гэж олон жил бодож явсан. Төгс зүйл гэж байдаггүй гэдэг. Гэхдээ бидний хурим маш сайхан болсон. Олон хосын баярт ая дуугаа өргөж явсан би гэдэг хүн хуримын талаар гайгүй мэдлэгтэй гэж бодоод байсан чинь яг өөр дээр тулаад ирэхээр сэтгэл санааны том өөрчлөлтөд ордог юм байна лээ. Хуримаа хийх гэж байгаа хосууддаа зөвлөхөд мэргэжлийн чадварлаг туршлагатай залууст хандаарай гэж хэльедээ.

Гэргий: Миний хувьд бол олон жил мөрөөдөж төсөөлж байсан мөрөөдлийн хуримаа хийж чадсан. 

Та “single bye party” хийсэн үү? Хэрвээ тийм бол таны ганц бие амьдралыг найзууд тань хэрхэн үдэж өгсөн бэ?

Намсрайноров: Хийгээгүй ээ, хийх гээд ч оройтсон байсан. /инээв / 1-рт хуримаа бид арван жилийн дараа хийсэн. 2-рт гурван хүүхдийн аав ээж болсон улс чинь юун “single bye party” хийх манатай.

Хуримынхаа үеэр хайртдаа ямар нэгэн гэнэтийн бэлэг барьж байсан уу?

Намсрайноров: Эхнэрийнхээ хамгийн дуртай хамтлаг дуучид болох МУГЖ Т.Ариунаа, Камертон хамтлагийг урьж ая дууны бэлэг бариулсан даа. Надад ирсэн гэнэтийн бэлэг гэвэл СУИС-ийн ангийнхан маань миний дуунуудаар попури дуулж намайг баярлуулсан. Үнэхээр сэтгэл хөдөлсөн шүү.

Таны бодлоор хурим тань юугаараа онцлогтой байсан бэ?

Намсрайноров: Онцлог олон байсан шүү.  Жишээлбэл маш олон уран бүтээлч зочид оролцсон хурим, бас амьдрал зохиож гурвын гурван хүүхэдтэй болсон хойноо хийсэн хурим гээд л... Бидний хуримын бас нэг давуу тал хамт амьдраад удсан хойноо ч сайхан хурим хийж болдог шүү гэдгийг хосууддаа харуулсан.

Бал сараа хэрхэн өнгөрүүлсэн бэ?

Намсрайноров: Гэр бүлээрээ хөдөө салхинд гарсан. “Монгол аялал” компаний хамт олон бал сараа тэмдэглэх гадагшаа аялах эрх бэлэглэсэн. Төлөвлөж байгаад нэг сайхан явна даа.

Хуримын ойгоо тэмдэглэдэг үү?

Намсрайноров: Ойдоо хүрээгүй л байна. Ер нь бол гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ.

Хуримаа хийх гэж байгаа хосууддаа юу гэж зөвлөмөөр байна. Хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

Намсрайноров: Ер нь бол хосууд минь заавал хуримаа хийгээрэй. Хурим гэдэг амьдралд ганц тохиох зөвхөн танай гэр бүлд зориулсан нандин баяр юм билээ.

Гэргий: Хорвоогийн бүх эмэгтэйчүүд мөрөөдлийн даашинзаа өмсөөд хуримын ордонд орж хамтдаа тангараг өргөж албан ёсны амлалт хоёр биедээ өгөхийг хүсдэг юм шүү залуусаа. Тийм учраас хайртынхаа мөрөөдлийн хуримыг хийж баярлуулаарай гэж залуустаа хэлье дээ.

Хурим хийх нь амьдралын зайлшгүй чухал үйл явдал мөн үү? Мөн бол яагаад?

Намсрайноров: Мөн байлгүй яах вэ. Дээр хэлсэнчлэн хурим гэдэг амьдралд ганц тохиох зөвхөн танай гэр бүлд зориулсан нандин баяр юм шүү. Тийм учраас заавал хуримаа хийгээрэй. Хуримын ордонд өргөсөн тангараг,  бие биедээ өгсөн амлалтын дараа ч хүлээх үүрэг хариуцлага улам нэмэгдэнэ шүү дээ / инээв /

Бидний урилгыг дуртайяа хүлээн авч, сайхан дурсамжаасаа хуваалцсан танай гэр бүлд хайраар дүүрэн амьдралыг хүсье. Алтан, мөнгөн хуримынх нь дараа ахин уулзаж халуун дотно яриа өрнүүлье баярлалаа.

Намсрайноров: Баярлалаа үнэхээр сайхан ерөөл байна. Хурим.mn сайтын хамт олонд болон удахгүй хуримаа хийхээр төлөвлөж байгаа хосууддаа аз жаргал сайхан бүгдийг хүсье.