ХУРИМ БА ХУРИМТЛАЛ
Өөрсдөдөө тусал...Бидэнд нэг сайн мэдээ, нэг муу мэдээ байна.
МУУ МЭДЭЭ НЬ:
Судалгааны үр дүнг танилцуулъя. Surway Monkey цахим судалгаагаар “Хурим хийхэд тулгардаг хамгийн бэрхшээлтэй асуудал юу вэ?” гэсэн асуулгад хариулсан 100 хосын /тэд ойрын таван жилд багтаж хуримаа хийхээр төлөвлөж байгаа/ 82 нь санхүүгийн асуудал гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байна. Манай нөхцөлд залуус боловсролоо дээшлүүлэх, гарааны бизнес эхлүүлэх, төсөөлж байсан шигээ гайхамшигт хурим хийх, тусдаа гарч амьдрал зохиох гээд амьдралын томоохон шийдвэрүүд дээр хосуудын санхүүгийн бат бэх бус байдал томоохон дарамт болдгийг мэргэжилтнүүд ч анхааруулсаар байдаг.
Гутрах хэрэггүй дээ... Бүх асуудалд гарц байдаг шүү дээ.
САЙН МЭДЭЭ НЬ:
Судалгааны үр дүнг танилцуулъя. Дээрх судалгааны 2-р хэсэгт “Хуримын зардлаа хэрхэн бэлтгэж байна вэ?, Санхүүгийн бэрхшээлээс гарах таны арга зам юу вэ?” гэсэн асуулгад хосууд идэвхтэй оролцож өөрсдийнхөө хуримтлал үүсгэх арга туршлагыг харамгүй, нээлттэй хуваалцсанд бид маш их баяртай байна. Тэдний хуримын хуримтлал үүсгэх туршлагыг нэгтгэн дүгнэвэл “хамгийн сайн арга бол зардлаа багасгах” гэдэг дээр хосууд санал нийлж байгааг харж болно. Ингээд судалгаанд хамрагдсан залуусын хуримтлал үүсгэх арга туршлагаас сэдэвлэсэн дараах зөвлөгөөг та бүхэндээ хүргэе. Хуримаа аврахад чинь тус болох болно.
Зорилтууд бий болгож зарцуулалтыг багасгах.
Өдөр тутмын зарцуулалт хийхдээ эхлээд хосууд өөрсдийн хувийн болон хамтарсан зардлуудаа тодорхойлох нь чухал. Зайлшгүй зардлаас эхлээд гарч болох бүх зардлуудаа хамтдаа ярилцаж жагсаан бичээрэй. Жишээ нь гэр бүлдээ хэрэгцээтэй бараа, үйлчилгээгээ тодорхойлж, дараа нь илүү хэрэгцээтэй, эсвэл зүгээр л шаардагдах зүйлсийг жагсаан бичсэнээр онц шаардлагагүй, эсвэл ач холбогдол багатай зардлыг хамтдаа хянах замаар чухлаас чухал бишээр нь ангилаад өөрсдийн гаргасан “зардлын жагсаалт”-аа багасгаж болно шүү.
Хаана хамгийн том зардал гардгийг мэдэж аваарай.
Энэ нь яг л банкны мессэж мэдээ ирдэгтэй адил. Дор хаяж сүүлийн зургаан сарынхаа “зардлын жагсаалт”-ыг гаргаад түүнд дүн шинжилгээ хийж хамгийн их зардлууд хаана, юун дээр, юунаас болж гарч байгааг олж тогтоогоод түүнийг багасгах арга замыг хамтдаа хайж олоорой.
Зөв зарцуулах зуршил.
Олон жилийн дунджаас харахад шаардлага багатай зардлууд нь хосуудын ертөнц дэх маргааны хамгийн гол цэг байж болох юм. Хосууд харилцааныхаа эхэн үед зарлагын хязгаар тогтоох нь тэдний цаашдын хуримтлалд чухал нөлөөтэй. Нөгөөтэйгүүр одоо та ганцаараа биш болсон учраас жижиг худалдан авалтаас эхлээд бүх шийдвэрийг хамтдаа гаргаарай.
Өөрсдийн гэсэн төлөвлөгөө гарга.
Хуримтлал бий болгох төлөвлөгөө зохиох нь яг л марафонд гүйхтэй ижил. Амьдралын гараанаас зугуухнаар гэхдээ тасралтгүй урагшилж бариандаа хүрэх /хуримандаа зориулсан хуримтлалтай болох/ хүртлээ зорилгыг тань урагшлуулах өөрсдийн гэсэн төлөвлөгөөгөөтэй болоорой.
Апп туслалцаа аваарай.
Амны хөндийн эрүүл ахуйг хадгалахын тулд тогтмол шүдээ угаадагтай адилаар санхүүгийн сахилга баттай байхад ухаалаг утасны төрөл бүрийн аппликейшн та хоёрт туслах болно. Энэ талаар хамтдаа сонирхож судлаад, хамгийн таалагдсан апп-г ашиглаж хэвшээрэй.
Хадгалж эхлэх цаг боллоо.
Хэрвээ та хоёр дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бол зардлаа хянаж, зөв зарцуулалт хийж сурсанд тань баяр хүргэе! Одоо байнгын болоод нэмэлт, гэнэтийн орлогууд, дотны нэгний бэлэглэсэн мөнгөн тусламж зэргийг хадгалах цаг болжээ. Хамгийн гол нь тогтвортой, тасралтгүйгээр хуримтлалдаа орлого хийхэд анхаараарай. Дараа жилээс нь сар бүр хуримтлалдаа хийдэг тогтмол орлогоо бага багаар нь нэмж болно шүү дээ. Энгийн байгаа биз.
Эцэст нь бидний зөвлөгөөг энэ хүртэл уншаад, хуримын хуримтлалаа эхлүүлэхээр шийдвэр гаргасан бүх хосууддаа амжилт хүсье!
Дараа нь үр дүнгээ хуваалцаарай.