card

   

ХУРИМ ЧИНЬ ДӨХӨӨД ДОГДОЛЖ БАЙНА УУ?

        Хавар болоод сэтгэл гэгэлзээд нойр хүрдэггүй ээ. Хайртыгаа сэрээчихгүйн тулд зөөлөн алхалсаар зочны өрөөнд ороход өөдөөс угтан авдаг бидний хуримын зураг. Бидний хурим яг л ийм урьхан салхитай хаврын тэр нэгэн өдөр болж байж билээ.  Хаврын улиралд сэтгэл цаанаасаа хөнгөрөөд ямар нэгэн шийдвэр хурдан гаргаад байдаг хүн л дээ би, за бид юм даа хэ хэ.  Бид хоёр хуримаа гэнэт л хийхээр болж бэлтгэл ажилдаа орж байж билээ. Бидэн шиг хуримын товоо гаргаад догдлон суугаа хосууддаа өөрийнхөө туршлагаас хуваалцъя. Одоо ч хосууд маань хуримын үйлчилгээ эрхэлдэг газарт хандаад төгсөөр шийдэх боломжтой болсон үе. Тухайн үед хурим зохион байгуулдаг ийм гоё үйлчилгээ явуулдаг газар тун ховор, бараг байхгүй байсан даа. Жинхэнэ бор зүрхээрээ л зүтгэсэн дээ. Олон ч хөгжилтэй зүйл болж байсан даа. Өнөөдөр би гэрлэх ёслолын ордонд хэрхэн бүртгүүлж байсан талаараа та хэддээ сонирхуулъя. Магадгүй та нарт хэрэг болох байх.

  Гэрлэлтээ ч батлуулаагүй хоёр хуримын ордонд захиалгаа өгөх гээд очиж билээ. Шууд л тэнд батлаад өгдөг гэж бодож байсан юм чинь хэхэ. Гэрлэлтээ харьяа дүүрэгтээ батлуулах ёстой юм байна лээ шүү. Гэрлэх ёслолын ордонд захиалга өгнө гэдэг чинь нилээн том асуудал юм байна лээ. Бидний хурим 5 сард ямар нэгэн онцгойрох зүйлгүй өдөр / балжинням, дашнямгүй / тохиож байсан тулдаа хүссэн цагаа буюу морь цагийг /11.40-13.40/ сонгож чадсан. Балжинням, дашнямтай билэгт сайн өдөр, за тэгээд найр хуримын зар тардаг найм есөн сард бол хоёр гурав хонож байж захиалга өгч мэдэхээр юм байна лээ.

      Хосууд ихэнх нь хуримын товоо үзмэрч зурхайчаас асууж гаргадаг байхаа. Гэхдээ бидэн шиг өөрсдийнхөө дуртай өдөр хуримаа хийх гэж байгаа хосууд байвал анхаарах бас ганц хоёр зүйл байдаг юм байна лээ.

      Хурим хийхэд хэдий балжинням, дашнямтай өдөр байсан ч тахиа гахай өдөр хуримладаггүй, харин үхэр өдөр хурим найр хийж гал голомтоо бадраахад маш сайн байдаг гэсэн. Бидний сонгосон өдөр азаар үхэр өдөр таарсан байсан. Би хэдийгээр шүтлэггүй ч аав ээж ахмад настан, хадмын тал гээд өдөр судраа зөв сонгохгүй бол хойшлох урагшлах асуудал гарахаар юм байна лээ. Тэгэхээр үзмэрч лам дээр очоод хуримын товоо зөв өдөр тогтоорой.

        За тэгээд гэрлэх ёслолын ордонд захиалга өгөхөд анхаарах ёстой зүйлс гэвэл хуримын ордон захиалгаа хоёр сарын өмнөөс авж эхэлдэг юм байна лээ. Яг товлосон өдрөө сайн цагаа авъя гэвэл өмнөх хоёр сарын 2-ны өглөө эрт очихгүй бол хүссэн цагтаа ёслолоо үйлдэж чадахгүй байх магадлал тун өндөр, өглөө их эрт юм уу? Шөнийн цаг таарах ч тохиолдол байдаг гэсэн. Ганц тохиох баярт өдрөө эртнээс төлөвлөөд бүх юмыг ном журмын дагуу хийвэл уул нь зүгээр тийм ээ. Хэтэрхий эрт юмуу? Орой бол ирэх зочдын үс зүсээ янзлуулах газар онгойх хаахаас эхлээд л асуудлууд үүснэ шүү дээ. За энэ асуудлыг бодолцоорой шинэхэн хосууд минь.

  Захиалга өгөхөд хэрэгтэй бичиг баримт эхний ээлжид иргэний үнэмлэх л байхад болно. Тэгээд хурим болохоос 14 хоногийн өмнө батлуулсан байх ёстой гэсэн. Над шиг хуримын ордондоо батлуулдаг гэсэн ойлголттой хүмүүс зөндөө очдог гэсэн. Би дээр дурдсан харьяа дүүрэгтээ батлуулах ёстой шүү. Ордон бол зүгээр л гоё ёслол үйлдэж гоё сэтгэгдэл төрүүлдэг газар юм байна лээ ш дээ. Гэхдээ их гоё оо огшоод л нүдний нулимс цэлэлзээд одоо ч тэр гоё хоолойтой эгчийнх нь дуу сонсогдох шиг болдог юм.

       Хуримаа хийх гэж байгаа, хосын орчлонд биесээ олж хайрлалцан хан хорвоог хамтдаа туулахаар шийдэн гал голомтоо бадраах гэж байгаа бүх хосууд минь хайраар дүүрэн амьдраарай.