card

БЭР ГУЙСАН МИНЬ

            Амьдралд төсөөлшгүй зүйл маш их юм даа. Миний бие бэр гуйна гэж зүүдэлж ч явсангүй ээ. Гэнэт л нэг өдөр том ахын минь дэлчгэр шар айлд хүргэн болохоор болсон удахгүй бэр гуйх гэж байгаа тухай яриа гарсан юм. Түүхий гурил идээд сэхээнд орж байсан дэлчгэр шар эхнэр авах болчихсон гэж бодохоор бүр инээд хүрээд дэлчгэр шарыг цаашлуулах санаатай / хар багаас нь  харж, 2 дахь аав нь болж өсгөсөн хүн нь гэхэд болно / ахынд очтол надад энэ хүндтэй үүрэг  оноогдлоо.

            Би гэдэг хүн бүх талаараа яв цав тохирч байгаа гэнэ дээ. Бэр гуйгч нь хүргэн хүүтэй ивээл жилтэй, зан үйлийн өргөн мэдлэгтэй, амьдрал нь тогтсон, ах дүү төрөл төрөгсөддөө нэр хүндтэй, төлөв төвшин нүдэнд дулаахан, хамгийн гол нь бэрийн талынханд хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байх ёстой гэнэ. / би гэдэг хүн чанарын шаардлагыг 100% хангасан юм байхаа хэхэ... / Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд бол харин хүндтэй нэгэн байна. Хүүгийн талын элч зарлага гэдэг утгаараа эцэг эх нь оролцох нь зохимжгүй учир надад энэ эрхэм үүрэг ирж л дээ.

           Юу өмсөх, юу гэж хэлж мэндлэхээсээ эхлээд нилээдгүй олон ном сонин уншиж, бууралын сургаалыг сонсох ажилтай боллоо... Монгол зан үйл гүйцэтгэж яваа хүн чинь үндэсний хувцастай байх нь зохимжтой гээд цайны ганц дээлээ өмсөхөөр боллоо. За хувцас ч яахав, хамгийн чухал нь цаг улирал, бие ажлыг нь хамруулан монгол ёсоороо зөв мэндчилэх байдаг юм байна. /бэлэг дэмбэрэлгүй яриа өрнүүлэх, хараалын үг хэлэхийг хатуу цээрлэдэг юм байна лээ шүү манайхаан/. Манай багийнхан /бэр гуйгчийг дагалдагчид 2-3 хүн байна / бэрийн талд хадаг, идээ ундаа, бэлэг сэлтийг харамгүй өгсөөн хэхэ... Арга ч үгүй биз дээ. Айлын жоохон охиныг авах гэж байж яаж гар хоосон очих билээ... Бэр гуйхдаа зайлшгүй бэлэгтэй очих хэрэгтэй.

            Бэр гуйхаар ирсэн зочдыг хэрхэн хүндэтгэлтэйгээр хүлээн авахаас охины талын аав ээжийн амьдралын мэдлэг, соёлын түвшин харагддаг гэж байгаа. Биднийг сайхан хүлээж авсаан. За тэгээд л хоёр талын яриа ирээдүйн хосын цаашдын амьдрал аз жаргалтай,  хангалуун сайхан дэвшин дээдлэхийг билэгдэн өрнөж байгаам даа. Бас нэг шинэ зүйл мэдэж авсан нь бэр гуйх ёслолд битүү хоол / бууз банш, хуушуур / хийхийг цээрлэдэг юм байна лээ. Энэ нь шинэ гэр бүлийг ирээдүйн амьдрал дэвшин дээдлэхэд битүү хоол хаалт болно гэж үздэгээс үүдэлтэй гэнэ. Бидний зорьсон ажил бүтэж, яриа хэлцэл нийлэмжтэй болсныг илэрхийлэхдээ хөөрөг тамхиа өгч авалцан биднийг явахад гарыг минь цайлгасан. / энэ нь бэлэг өгөхөөс өөр агуулгатай хоосон гаргахгүй гэсэн санаа/

            Насаар ахмад юмуу үеийн хүмүүс ирсэн бол охины аав ээж өөрсдөө, дүүмэд хүн ирсэн бол ойролцоо насны хүнээр үдүүлэн машинд нь суулгаж, дахин уулзахын ерөөл тавин үддэг юм байна лээ.